Шууд Chart

ОУАЭА-гийн тэргүүн Японы “Фүкүшима” АЦС-аас цэвэрлэсэн ус зайлуулах асуудлыг хэлэлцэнэ

2023-07-01 12:08:10

Олон улсын Атомын энергийн агентлагийн тэргүүн Рафаэль Гросси ирэх долоо хоногт Японд айлчилж, осолд өртсөн “Фүкүшима Дайчи” АЦС-ын цацраг идэвхжилд бохирдсон усыг цэвэршүүлж далай руу цутгахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

Японы Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса хэвлэлийнхэнд энэ тухай мэдээлсэн байна.

Ирэх мягмар гарагаас эхэлж дөрвөн өдөр үргэлжлэх айлчлалын явцад Рафаэль Гросси Японы Гадаад хэргийн сайд болон бусад албаныхантай уулзаж, цөмийн бохирдлоос цэвэрлэсэн усыг далайд цутгахтай холбоотой болон бусад асуудлаар зөвлөлдөх юм байна.

Ерөнхий сайд Фумио Кишида Рафаэль Гроссиг айлчлалынх нь эхний өдөр хүлээн авч уулзах товтой байна. Энэ үеэр цэвэрлэсэн усыг далайд цутгах төлөвлөгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ОУАЭА-ын тайланг түүнд танилцуулж магадгүй байна.

Улмаар Японы Засгийн газар ОУАЭА-ийн энэ тайлан болон бусад баримт бичгүүдэд тулгуурлаж цаашдын алхмуудаа хэлэлцэх саналтай байгааг Хаяши Ёшимаса сайд мэдээлжээ.

Японы Засгийн газар цацраг идэвхжлийг саармагжуулсан нэг сая гаруй тонн усыг энэ зунаас Номхон далайд цутгаж эхлэхээр төлөвлөж буй юм байна. Энэ усыг 2011 онд болсон газар хөдлөлтийн улмаас Фукушимагийн атомын цахилгаан станцад осол гарсны дараа цөмийн реакторуудын хөргөлтөд ашиглажээ.

Японы албаныхан энэ усан дахь цацраг идэвхт бодисуудыг бүрэн шүүсэн, гагцхүү "тритий" багахан хэмжээгээр агуулсан хэвээр байгаа гэж мэдэгдэж байгаа юм. Тиймээс усыг далайд асгахаас өмнө “тритий” бодисын агууламжийг ДЭМБ-аас ундны цэвэр усанд зөвшөөрдөг хэмжээний долооны нэг болтол бууруулах ёстой байна.

"Тритий" нь уснаас салгахад хүндрэлтэй устөрөгчийн изотоп юм. Цөмийн бохирдлоос цэвэрлэсэн гэх энэхүү усыг далайд асгасны дараах аюулгүй байдлын асуудал Өмнөд Солонгос, Хятад болон Номхон далайн бусад улсын санааг ихээхэн зовоож байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОУАЭА-гийн тэргүүн Японы “Фүкүшима” АЦС-аас цэвэрлэсэн ус зайлуулах асуудлыг хэлэлцэнэ   
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй