
АНУ-ын Дээд шүүх их, дээд сургууль коллежид оюутан элсүүлэхэд арьсны өнгийг нэг шалгуурт авч үздэг байдлыг цуцлах шийдвэр баталжээ.
Их, дээд сургуулийн орчинд өнгөт арьстан оюутнуудын төлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор анх батлагдсан энэ бодлогыг Үндсэн хуулийн тэгш эрхийн заалтыг зөрчсөн үндэслэлээр Дээд шүүхийн бүрэлдэхүүний олонхийн саналаар цуцалсан байна.
Африк гаралтай америкчууд, латин америкчууд болон бусад үндэсний цөөнхийн төлөөлөл их, дээд сургуульд хамрагдах тоог нэмэгдүүлэх зорилготой хэрэгжиж байсан элсэлтийн бодлого ийнхүү цуцлагдаж байна.
Их, дээд сургуулийн элсэлтэд арьс өнгөөр ялгаварлах тогтолцоо үйлчилдэг байдлыг халахыг уриалдаг “Шударга элсэлтийн төлөөх оюутнууд” нэртэй бүлгээс Харвардын их сургууль болон Умард Каролинагийн их сургуулийн эсрэг шүүх дээр гомдол гаргасан нь энэ шийдвэр гарах үндэс болжээ.
Их сургуулиудын орчинд өнгөт арьст оюутнуудын төлөөллийг дэмжих хүрээнд 1960-аад оноос энэ хөтөлбөр хэрэгжиж байгааг Доод шатны шүүхүүд өмнө нь хамгаалж ирсэн байна.
Зөвхөн дээд боловсролд төдийгүй ажлын байруудад мөн эмэгтэйчүүд, өнгөт арьстнуудын хамрагдалтыг дэмжихэд чиглэсэн энэ бодлого анхнаасаа эрх зүй, ёс зүйн талаас шүүмжлэл маргаан дагуулсаар өнөөдрийг хүрчээ.
АНУ-ын Сенат дахь Бүгд найрамдахчуудын удирдагч Митч Макконнелл “Дээд шүүхийн өнөөдрийн шийдвэр коллеж, их, дээд сургуулиуд чадвартай, тэмүүлэлтэй оюутнуудыг арьсны өнгөөр нь ялгадаг байдлаа үргэлжлүүлэх аргагүй болсныг нотоллоо” гэж мэдэгдсэн байна.
Харвардын их сургууль болон Умард Каролинагийн их сургуулиуд харин “Арьс өнгийг элсэлтийн бодлогынхоо хүрээнд харгалзаж үздэг олон хүчин зүйлийн зөвхөн нэг нь” гэж мэдэгддэг.
Гэхдээ Харвардын их сургуулийн албаныхан сая Дээд шүүхийн шийдвэрийг дагахаа мэдэгдсэн нээлттэй захидал нийтлүүлжээ.
Түүний сацуу “Олон янзын гарал үүсэл, үзэл бодол бүхий хүмүүсийн хүрээллээс” суралцах үйл хамаардаг” гэдэг байр сууриа мөн хамгаалжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Дээд шүүхийн шийдвэрийг “Шүүх хэдэн арван жил баримталж ирсэн байр сууриасаа ухарсан хэрэг” гэж шүүмжилжээ.
“Бид бүх боломжийг нээлттэй байлгах ёстой. Олон янз байдал бол бидний хүч гэдгийг санууштай” гэж тэр мэдэгдсэн байна.
АНУ-ын Дээд шүүх их сургуульд элсэгчдийг арьс өнгөөс хамааран дэмжих бодлогыг цуцлав | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.