
Турк, Египет хоёр улс сүүлийн 10 жилд анх удаа элчин сайдууд харилцан томилж, дипломат харилцаагаа элчин сайдын түвшинд ахиулахаар тохирчээ.
Анкара болон Каирын хамтарсан мэдэгдэлд, "Энэхүү алхам нь хоёр орны харилцааг хэвийн болгоход чиглэхийн сацуу, хоорондын харилцааг Турк, Египетийн ард түмний ашиг сонирхолд нийцүүлэн хөгжүүлэх хоёр талын хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна" гэж онцолсон байна. Үүнээс өмнө Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси, Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоган нар тавдугаар сарын сүүлээр утсаар ярих үедээ хоёр орны дипломат харилцааны түвшнийг ахиулж, Элчин сайдууд солилцохоор тохирчээ. Турк улсыг Египетэд төлөөлөх шинэ элчин сайдаар Исламын Хамтын ажиллагааны байгууллагад суух элчин төлөөлөгч асан Салих Мутлу Шен-ийг томилсон бол, Египетийн талаас Анкарад суух элчин сайдаар Амра аль-Хамамийг томилсон байна. Энэ хоёр улсын харилцаа 2013 оны долоодугаар сард буюу Египетийн армийн командлагч, генерал Абдель Фаттах аль Сиси Ерөнхийлөгч Мохаммед Мурси-г түлхэн унагаж, цус урсгасан мөргөлдөөн дэгдсэний дараагаас эрс мууджээ. Тухайн үед Египетийн Ерөнхийлөгч Мохаммед Мурси, түүнийг дэмжигч “Исламын ахан дүүс” хөдөлгөөн”-ийг дэмжиж байсан Турк улс Египетийн цэргийн эрх баригчдын үйл ажиллагааг эрс буруушаасан юм. Улмаар мөн оныхоо наймдугаар сард хоёр улс элчин сайдуудаа эргүүлэн татаж байжээ. Мөн энэ хоёр улс Египеттэй баруун талаар нь хиллэдэг Ливийн мөргөлдөөний явцад эсрэг тэсрэг талуудыг дэмжиж байснаас 2020 онд эндэх зөрчил нь шууд бус дайны ирмэгт очиж байсан удаатай. Харин 2021 оноос байдал харьцангуй намжиж, харилцаагаа сэргээх тухай яриа хэлэлцээ сэргэсэн юм байна.
БНТУ, Египет улсууд элчин сайд нар солилцон дипломат харилцааны түвшнээ ахиулав | ||
Үзсэн: 929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.