
Иран улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын 9 дэх бүрэн эрхт гишүүн болжээ. ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн баталсан Нью-Делигийн тунхагт ингэж мэдэгдсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр ШХАБ-ын цахим уулзалтыг даргалан хийлгэжээ.
Тус цахим хуралдааны дүнд, ШХАБ-ын ажиглагч гишүүний статустай байсан Иран улс бүрэн эрхт гишүүн болж, Беларусь харин энэ байгууллагад элсэх тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси хуралдаанд хэлсэн үгэндээ, “Иран улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноор хамтын аюулгүй байдлын нөхцөлөөр хангагдахын сацуу, эдийн засгийн тогтвортой хөгжил, улс орны тусгаар бүрэн эрхт байдалд нь урьд өмнөхөөс илүү өргөн боломжууд нээгдэж байна” гэж мэдэгджээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Моди энэ үеэр, ШХАБ-ыг даргалагч орны хувиар Энэтхэг улс гишүүн орнуудын хоорондын хамтын ажиллагааг олон салбарт бэхжүүлэхийг гол зорьж байгаагаа тэмдэглэсэн байна. Иран улс урьд нь, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон АНУ, Европын Холбооны зүгээс өөрт нь тогтоосон хориг арга хэмжээний улмаас ШХАБ-д элсэх боломж хаалттай байжээ. 2016 оноос Иран улс цөмийн зэвсэг үйлдвэрлэхгүй байх үүрэг амлалт хүлээсэн Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр байгуулсны дүнд тэдгээр хязгаарлалт алгуур суларсан байна. Улмаар 2022 онд Тегеран ШХАБ-д элсэх тухай санамж бичиг байгуулж байжээ. Өчигдрийн цахим хуралдаанд Хятад улсын дарга Ши Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар мөн оролцжээ. Ерөнхийлөгч Путины хувьд энэ нь, өнгөрсөн сард улс оронд нь гарсан бослогоос хойш анх удаа олон улсын бага хуралд оролцож байгаа хэрэг юм. ШХАБ-ын тухайд, Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан 6 улсын оролцоотой 2001 онд Шанхайд үүсэн байгуулагдаж, 2017 онд Энэтхэг, Пакистан улсуудыг эгнээндээ нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдал, улс төр, эдийн засгийн байгууллага юм.
Иран улсыг ШХАБ-ын бүрэн эрхт 9 дэх гишүүнээр элсүүлжээ | ||
Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.