Шууд Chart

Японы Кюүшү арал болон бусад нутгаар борооших төлөвтэй байна

2023-07-06 10:43:20

Японы цаг уурын албаны мэдээгээр, Пүрэв гарагийн өглөөгүүр Кюүшү арлын баруун өмнөд хэсэг болон бусад газраар их хэмжээний аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Тиймээс ард иргэдийг үер усны болзошгүй аюул гамшиг, хөрсний нуралтад анхаарал болгоомжтой байхыг цаг уурын албаныхан сануулсаар байна. Цаг уурын агентлагийн үзэж байгаагаар, дулаан чийглэг агаарын урсгалаас болж Японы баруун хэсэгт цаг агаарын тогтворгүй байдал үүсжээ. Лхагва гарагийн өглөөний 6 цаг хүртэл Японы баруун өмнөд нутгийн Нагасаки мужийн Цүшима хотод 33 мм хур тунадас унасан байна. Лхагва гарагийн орой тийш Кюүшү арлын хойд хэсэг болон Ямагүчи мужаар бороо салхи шуургатай хавсран орох бол, Пүрэв гарагийн өглөөнөөс арлын өмнөд хэсгийг хамрах төлөвтэй байгаа юм байна. Үүнээс үүдэж хур тунадасны түвшин цаг тутам 50 мм-ээр нэмэгдэх хандлагатай байна.

Пүрэв гарагийн өглөө болтол 24 цагийн хугацаанд Кюүшү арлын өмнөд хэсэгт 200 мм хур тунадас, арлын хойд хэсгээр 180 мм хур тунадас, Ямагүчи мужид 120 мм хур тунадас унах төлөвтэй байна. Кюүшү арал, Ямагүчи мужийн нутагт орсон их хэмжээний борооны улмаас хөрс ихээхэн суларсан тул, хур тунадас нэмэгдэн орсоор байвал гамшгийн хэмжээнд хүрнэ гэж цаг уурын албаныхан мэдээлж байна. Бас хөрсний нуралт болох, нам дор газрууд усанд автах, гол мөрнүүд савнаасаа халих, аянга, хүчтэй салхи шуурга, хар салхи ч болж магадгүй гэж анхааруулсаар байна. Тиймээс аадрын бөөн үүл үзэгдсэн даруйд бат бөх барилга байгууламжид хоргодох шаардлагатайг албаны зүгээс иргэдэд анхааруулсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Кюүшү арал болон бусад нутгаар борооших төлөвтэй байна  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй