Шууд Chart

Талибанчууд Афганистан дахь эмэгтэйчүүдийн гоо сайхны газруудыг албадан хаана

2023-07-06 12:22:46

“Талибан” хөдөлгөөн Афганистан дахь эмэгтэйчүүдийн гоо сайхны газруудыг хаана гэж мэдэгджээ. 2021 онд Афганистаны засгийн эрхэнд гарснаасаа хойш Талибууд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хорио хязгаарлалтуудыг улам бүр чангатгасаар байгаа юм. Талибууд засгийн газрын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн NHK агентлагт өгсөн мэдээллээр бол, гоо сайхны газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр энэ долоо хоногийн Мягмар гарагт гарчээ. Талибуудын засаг захиргаа энэ шийдвэрээ шашны дэг ёсыг чандлан сахиулах зорилготой гэж мэдэгджээ.

Кабул хотын захиргаанаас гоо сайхны газруудын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах тушаал хэдийн гаргасан талаар хэвлэл мэдээллийн төлөөлөгч нь мөн дурдсан байна. Үүний зэрэгцээ Кабулд гоо сайхны газар ажиллуулдаг нэгэн бизнес эрхлэгч энэ бол эмэгтэйчүүдийн тухтай байж чаддаг цор ганц газар гэж ярьж байна. Мөн Исламын шашны сургаалаас гажууд, сөрөг зүйл хийгээгүй гэдгээ, гоо сайхны газраа хаах хүсэлгүй байгаагаа ч дурджээ.

Эмэгтэйчүүд гэр бүлийн гишүүдээс бусад аливаа эрэгтэй хүний дэргэд нүүр царай, үс гэзгээ хижаб алчуураар бүрэн халхлах ёстой гэдэг журмыг Талибуудын засаг захиргаа түрүү жилээс мөрдүүлж эхэлсэн. Мөн охидын сургуульд сурах боломжийг хязгаарласан шийдвэрүүд баталсан. Улмаар ихэнх бүс нутагт охидыг зөвхөн бага сургуульд суралцахыг зөвшөөрч байгаа юм. НҮБ-ын Афганистанд туслах хорооны зүгээс гоо сайхны газартай холбоотой гаргасан шийдвэрээ цуцлахыг талибуудаас шаарджээ. Тус хороо, “эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарласан уг шинэ журам эдийн засагт ч мөн сөрөг нөлөөтэй” гэж “Твиттер” хуудсаараа мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Талибанчууд Афганистан дахь эмэгтэйчүүдийн гоо сайхны газруудыг албадан хаана  
Үзсэн: 680 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй