Шууд Chart

Их Британи, Канад, Швед, Украин улсууд Ираны эсрэг зарга үүсгэжээ

2023-07-07 15:07:13

Канад, Швед, Украин, Их Британи гэсэн дөрвөн улс Украины 176 зорчигчтой иргэний агаарын тээврийг сүйрүүлж, онгоц доторх бүх зорчигчийн амь насыг эрсдүүлсэн явдалд Иран улсыг буруутгаж Олон Улсын Шүүхэд зарга мэдүүлснийг шүүхийн зүгээс энэ Лхагва гарагт мэдээллээ.

Flight PS752 нэртэй тус онгоц Тегеранаас Киев рүү 2020 оны 1-р сарын 8-ны өдөр нисэж явах замдаа буудлагад өртөж сүйрсэн байдаг. Онгоцонд байсан зорчигчдын дотор Канад, Швед, Украин, Их Британи, Афганистан, Ираны 1-74 насны иргэд байжээ. Хэрэг болсны дараа гурав хоногийн турш хэргийг үгүйсгэсний эцэст Ираны зүгээс тус улсын Хувьсгалыг хамгаалагчдын сайн дурын армийнхан иргэний агаарын хөлгийг баллистик пуужинтай андуурч унагасан байна гэж мэдэгдсэн юм.

Мөн Ираны удирдлагууд Boeing 737-800 загварын онгоцыг Америкийн цэргийн пуужинтай андуурсан хэрэгт агаарын хамгаалалтын операторыг буруутгажээ. Тэгвэл шүүхэд нэхэмжлэл гаргасан талууд хамтарсан мэдэгдэлдээ “Өнөөдрийн бидний авч буй хуулийн арга хэмжээ нь хэргийн хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд үзүүлж буй шударга үнэнийг шүүлтүүргүй дэлгэн харуулах тууштай хичээл зүтгэлийн үр дүн юм” гэж онцолжээ. Тэд өнгөрөгч 12-р сард Ирантай арбитраар тохиролцох санал тавьсан ч Ираны зүгээс хариу өгөөгүй тул ийнхүү шүүхэд хандаж байгаа юм гэлээ. Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Их Британи, Канад, Швед, Украйны зүгээс Ираныг “уг хэрэг болохоос өмнө урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч болох байсан”, бас “олон улсын хэм хэмжээнд үндэслэн зохих ёсны мөрдөх ажиллагаа, хяналт шалгалт явуулаагүй” гэж буруутгажээ. Тэд мөн “ослын бүх хохирлыг барагдуулах”, “хохирогчид, тэдгээрийн ар гэрийнхний амссан эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэгч талд нөхөн олгох”-ыг Иранаас шаардаж байгаа юм. Мөн олон улсын хэм хэмжээг зөрчсөн буруутай үйлдлээ олон нийтэд нээлттэй хүлээн зөвшөөрч, хохирогчдын эд зүйлсийг буцааж өгөх ёстой гэж Иранаас шаарджээ.

Ираны зүгээс энэ хэрэгт буруутай гэх цэргийн даргад 13 жилийн хорих ял оноосноо мэдэгдсэн боловч Олон Улсын Шүүхэд хандсан улсууд үүнийг дүр эсгэлт, тоглоомын шүүх гэж үзээд нотлох баримт устгасан, эрх мэдэлгүй доод албан тушаалтанд хэрэг  үүрүүлсэн, хохирогчдын гэр бүлийг сүрдүүлсэн, Олон Улсын Иргэний Агаарын Тээврийн Байгууллагад бүрэн гүйцэд тайлбар өгөөгүй зэрэг гэм бурууг нэхэмжлэлдээ багтаан дурджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи, Канад, Швед, Украин улсууд Ираны эсрэг зарга үүсгэжээ  
Үзсэн: 534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй