
Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Хятадын тэнгист явсан Филиппиний эргүүлийн усан онгоцыг Хятадын хөлөг онгоц шахаж хөдөлгөөнд нь саад учруулсанд Филиппиний зүгээс Хятадыг буруутгаж байна. Энэ хоёр улс Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд өнөө хэр маргаантай байдаг.
Филиппиний эргийн хамгаалалтын албаны мэдээлж байгаагаар, өнгөрөгч Баасан гарагт Спратли арлын ойролцоо хангамж хүргэж байх явцад энэ үйл явдал болсон байна. Тодруулбал, Манилагийн бүрэн мэдэлд байдаг Секонд Томас Шоул арал дээрх цэргийн ангид хангамж нийлүүлэхээр явж байсан эргүүлийн усан онгоц руу Хятадын эргийн харуулын хоёр том хөлөг онгоц 90 метр хүртэл ойртон ирсэн гэжээ. Тухайн үеийн зураг дүрс бичлэгээс үзвэл, Хятадын хэмжээгээр хавь илүү том хоёр хөлөг онгоц Филиппиний эргүүлийн жижиг усан онгоцыг зэрэгцэн дагах дүр зураг ажиглагдсан байна. Бүр цаашлан Филиппиний онгоцны урдуур орж замыг нь хаах маяг үзүүлсэн нь бичигджээ.
Мөн Хятадын тэнгисийн цэргүүдийг суулгасан загасчлалын зургаан онгоц арал руу түрэмгий байдалтай ойртсон гэж Филиппиний эргийн харуулын албаны зүгээс мэдээлсэн байна. Түүгээр зогсохгүй Хятадын хоёр ч тэнгисийн цэргийн хөлөг онгоц, өөр нэг эргийн харуулын онгоц бас хангамж хүргэх замд саад хийсэн байна. Улмаар Филиппиний эргүүлийн онгоц зорьсон газраа хүрэлгүй буцжээ. Филиппиний эргийн харуулын албаны хэвлэлийн төлөөлөгч улсынх нь эдийн засгийн онцгой бүсэд болсон энэ хэрэг явдалд Хятадын талыг буруутгаж байгаагаа мэдэгдлээ. Мөн Хятадын зүгээс дахин ямар ч түрэмгийлэл үйлдсэн бай, хэр том хөлөг онгоц байхаас үл хамааран тэнгис дэх үйл ажиллагаа, эргүүлээ үргэлжлүүлэх болно гэж мэдэгдсэн юм. Манила дахь Хятадын элчин сайдын яамнаас уг хэрэгт тодорхой хариу өгөөгүй байна. Өмнө нь хийсэн мэдэгдэлдээ, өөрийн харьяаллын бүсэд тогтмол явуулдаг үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна гэж байжээ. Бээжингийн зүгээс Өмнөд Хятадын тэнгисийг бүхэлдээ өөрийнх нь мэдлийнх байх гэдэг суурийг илэрхийлдэг. Гэтэл Өмнөд Хятадын тэнгист Филиппинээс гадна Вьетнам, Малайз, Бруней, Индонез улсууд тус бүрдээ өөрсдийнх нь эзэмшил бүс бий гэж үздэг юм.
Хятадын хөлөг онгоц Филиппиний усан онгоцыг шахаж хөдөлгөөнд нь саад учруулжээ | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.