
Сэргээгдэх эрчим хүч дэлхий нийтийг бүрэн хангах хэмжээнд хурдацтай түгж амжаагүй одоогийн нөхцөлд газрын тос, байгалийн хий хүн төрөлхтөнд нэн шаардлагатай хэвээрээ байна. Мөн Хятадаас эрэлт их, Европт өвөл хүйтрэх нөхцөлд эрчим хүчний үнэ төлбөр ахин хөөрөгдөж мэдэхийг Эрчим хүчний “Шелл” группийн гүйцэтгэх захирал Ваэль Саван “БиБиСи” агентлагт өгсөн ярилцлагадаа анхааруулсан байна.
Тэр бас, “Шелл” группийг газрын тос олборлолтоо 2030 он хүртэл одоогийн түвшинд үргэлжлүүлэх нь буруу гэж үзэж байгаа цаг уур шинжээч эрдэмтдийн дургүйцлийг төрүүлээд авчээ. Кембрижийн Их Сургуулийн профессор, цаг уур шинжээч Эмили Шакбург “Шелл” зэрэг томоохон компаниуд нийгмийн хамгийн эмзэг сул тал дээр дөрөөлж газрын тос, байгалийн хийн олборлолтыг аль болох сунгахыг хичээхээсээ ногоон эрчим хүчний хэрэглээнд шилжихэд анхаарал хандуулах ёстой гэсэн хатуу байр суурьтай байна. Үүний хариуд ноён Саван санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, “Газрын тос, байгалийн хийн олборлолтыг зогсоох нь өөрөө маш аюултай, хариуцлагагүй үйлдэл юм. Үүнээс болж өнгөрсөн жилийн адил амьжиргааны өртөг нэмэгдэж, эдийн засаг улам доройтох байдал үүснэ” гэж ярьсан байна. Тэгвэл дэлхийн дулаарал өнгөрөгч зуунаас цельсийн 1.5 градусаар нэмэгдсэнээс үүдэж цаг уурын өөрчлөлтийг цаашид сааруулахын тулд газрын хэвлийгээс олборлодог түлшийг ногоон, сэргээгдэх эрчим хүчээр солих үйл явц дэлхий даяар эрчээ аваад байгаа. Өнгөрсөн жил гэхэд Европын Холбоо Оросын газрын тос, байгалийн хийнээс хараат байдлаасаа гарч, ногоон эрчим хүчний хэрэглээнд шилжих үйл явцаа хэрхэн хурдасгах ерөнхий төлөвлөгөөг Европын комисс боловсруулсан. Тийм боловч ихэнх орнуудад сэргээгдэх эрчим хүчний тогтвортой үйлдвэрлэл рүү шилжих дэд бүтэц хангалтгүй байна. Харин Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн зүгээс “Хэрвээ засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовж л байгаа бол газрын тос, байгалийн хий, нүүрс олборлолт зэрэгт одооноос хөрөнгө оруулахгүй байх нь зохилтой” гэж байр сууриа илэрхийлж байна. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антониу Гутерриш газрын тос, байгалийн хийд шинээр хөрөнгө оруулж байгаа явдал нь “эдийн засгийн хувьд ч, ёс суртахууны хувьд ч” байж боломжгүй зүйл юм гэжээ.
“Шелл” группийн захирал газрын тос олборлолтыг бууруулах “аюултай” гэж мэдэгдэв | ||
Үзсэн: 550 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.