Шууд Chart

АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен Бээжинд анх удаа айлчлалаар очив

2023-07-07 16:52:09

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен энэ Пүрэв гарагт Бээжинд хүрэлцэн очиж, хоёр их гүрний дунд үүсээд байгаа хагас дамжуулагчийн худалдааны асуудлыг зөөлрүүлэх тал дээр яриа хэлцэл өрнүүлэх гэж байна. АНУ-ын Сангийн сайд болсноосоо хойш Хятадад хийж байгаа түүний анхны энэ айлчлал Ням гараг хүртэл үргэлжлэх юм.

Энэ айлчлалын хүрээнд тэрээр, хоёр талын хооронд үүсээд байгаа асуудлаар Хятадын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж ярилцах төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн зах зээл дээрх өрийн асуудал, хөгжиж буй орнуудын талаар гэх мэт дэлхий нийтийг хамарсан асуудал дээр хоёр тал хамтарч ажиллахын ач холбогдлыг хэлэлцэх юм байна. Хоёр орны дунд үүсээд буй гол асуудал нь АНУ-ын зүгээс цэргийн зориулалтаар ашиглагдаж болзошгүй хагас дамжуулагчийн технологийг Хятад руу экспортлохыг хязгаарласнаас үүдэлтэй. Хариуд нь Хятадын засгийн газар Даваа гарагт, хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашиглагддаг галлиум, германиум гэх ховор материалуудад экспортын татвар ноогдуулна гэж мэдэгдсэн. Харин ерөнхийлөгч Жо Байданы тамгын газраас энэхүү технологитой холбоотой экспортын хязгаарлалтаас бусдаар Хятадтай эдийн засгийн хувьд хамтарч ажиллах сонирхолтой байна гэжээ.

Тэгвэл Сангийн сайд Йеллэний айлчлалын хүрээнд тэрээр хоёр талын эдийн засгийн харилцааг сэргээх, экспортын хязгаарлалтыг сулруулахад хариу өгөх хэмжээний эрх мэдэлтэй хүн биш учраас уг айлчлалд өндөр хүлээлт тавилгүй болгоомжтой ажиглаж байхыг Азийн Нийгмийн Бодлогын Институтийн АНУ дахь салбарын дэд захирал Вэнди Катлер хэлжээ. Энэхүү айлчлал нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкиний Хятад улсын дарга Ши Жиньпиньтэй уулзаж ярилцсан Бээжингийн айлчлалаас ердөө хэдхэн долоо хоногийн дараа болж байна. Үүний өмнө Энтони Блинкин сүүлийн 5 жилд Хятадад айлчилсан Вашингтоны анхны хамгийн өндөр тушаалын төлөөлөгч болсон юм. Блинкин айлчлалынхаа үеэр “хоёр талын хооронд одоо ч томоохон асуудлууд оршсоор байгаа ч цаашид илүү сайн харилцаж, хамтарч ажиллана гэж найдаж байна” гэж хэлж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын сангийн сайд Жанет Йеллен Бээжинд анх удаа айлчлалаар очив  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй