Шууд Chart

Турк улс Шведийг НАТО-д элсүүлэхийн эсрэг хэвээр байна

2023-07-08 11:57:29

Турк улс Шведийг терроризмын эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна гэдэг үндэслэлээр НАТО-д элсэх хүсэлтэд нь татгалзсан хэвээр байна.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Турк болон Шведийн ГХЯ-ны сайд нартай Брюссельд хэлэлцээ хийсэн боловч энэ асуудлаар Туркийн байр суурийг өөрчилж чадаагүй байна.

Тэрбээр Брюселльд Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидан, Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Билсторм нартай хэлэлцээ хийсэн юм байна. Туркийн эрх баригчдын тухайд Швед улс НАТО-д элсэхээсээ урьтаж шинээр баталсан “Терроризмтай тэмцэх” хуулиа бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлсэн байна.

Улмаар энэ асуудлаар ирэх даваа гарагт Литвийн нийслэл Вильнюст НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган, Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон нартай уулзалт зохион байгуулахаар болсон байна.

Энэ уулзалт санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд түлхэц үзүүлж чадна гэж талууд найдлага тавьж байна. Уг нь НАТО-гийн орнууд энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Вильнюст чуулах дээд хэмжээний уулзалтаасаа өмнө Шведийн гишүүнчлэлийг батламжилж амжина гэсэн тооцоотой байсан юм.

Турк улс алан хядагч байгууллагууд гэж үздэг Курдын салан тусгаарлагч бүлгүүдийн гишүүдийг өөрт нь шилжүүлж өгөх чиглэлд дорвитой алхам хийхгүй байгаад Шведийг буруутгадаг.

Шведийн эрх баригчид харин энэ асуудлыг анхааралдаа авч өнгөрсөн сард тодорхой амлалтуудыг өгөөд байсан. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт нийслэл Стокхолм хотод нь исламын ариун судар Кораныг шатаасан хэрэг дахин гарснаар Туркийн байр суурь улам чангарсан.

Гэхдээ Шведийн Гадаад хэргийн сайд Билстром ирэх долоо хоногийн эхэнд болох уулзалтад ихээхэн найдлага тавьж байгаагаа мэдэгдсэн байна.

НАТО-д элсэх хүсэлт гаргасан улс юун түрүүнд нийт гишүүдийн 100 хувийн дэмжлэгийг авсан байх журам үйлчилдэг.

Шведтэй хамт хүсэлт гаргасан Финланд улс өнгөрсөн дөрөвдүгээр сард гишүүнчлэлээ баталгаажуулж, НАТО-гийн 31 дэх гишүүн болсон.

Швед харин Унгар болон Турк хоёр улсын зүгээс хүсэлтээ баталгаажуулах шаардлагатай тулгарсан хэвээр байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк улс Шведийг НАТО-д элсүүлэхийн эсрэг хэвээр байна   
Үзсэн: 630 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй