
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Иордан голын баруун эргийн Женин дэх дүрвэгчдийн хуаранд явуулсан Израилийн цэргийн ажиллагааг эрс зэмлэн буруутгасан байна. Зуу гаруй энгийн иргэн шархдаж, хэдэн мянган хүнийг орон гэрээсээ дайжихаас аргагүй болгож “Хэрээс хэтэрсэн хүч хэрэглэсэн”-д Антонио Гутерреш Израилийн эрх баригчдыг буруутгаж байна.
Израилийн хүчнийхэн шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж авах боломж олгохгүй, хүмүүнлэгийн ажилтнуудыг мөн хэрэгцээ шаардлагатай хүмүүс рүү хүрч ажиллахад саад учруулж байсныг Антонио Гутерреш мэдэгдсэн байна.
НҮБ-ын тэргүүн ийнхүү Израиль улс “Эзлэн түрэмгийлэгч орны хувьд энгийн хүн амыг бүх төрлийн хүчирхийлэлд өртөхгүй байх баталгааг хангах үүрэгтэй” гэдгийг сануулжээ.
Тэрбээр “Израил улс өөрийн аюулгүй байдлаа хангах хууль ёсны эрхтэйг ойлгож байгаа ч хямралыг даамжруулах нь шийдэл биш” гэдгийг мөн дурдсан байна.
Женин дэх дүрвэгчдийн хуаранд Израилийн 1000 шахам цэргийн оролцоотой, агаарын дайралт хавсарсан ажиллагаа хоёр өдөр үргэлжлэх хугацаанд наад зах нь 12 палестин хүн амь эрсдэж, ус, цахилгаан хангамжийн шугамууд, зам харилцаа зэрэг иргэний дэд бүтэц мөн ихээхэн өртөж сүйджээ.
Израилийн хүчнийхэн Жениний эмнэлэг рүү мөн дайрснаас “Үйл ажиллагаа явуулах аргагүй хэмжээнд ихээхэн гэмтэл сүйдэл учирсан” гэж Израил дахь Хүний эрхийн төлөө эмч нар” байгууллагаас мэдээлсэн байна.
Тэр үеэр таван энгийн иргэн шархдаж, гурав нь хүнд байгаа талаар эдний мэдээнд дурдсан байна.
НҮБ-ын тэргүүн Женинд явуулсан Израилийн агаар болон газрын ажиллагааг ийнхүү буруутгасан бол өмнө нь өнгөрөгч лхагва гарагт НҮБ-ын Хүний эрхийн бие даасан гурван шинжээч энэ үйлдлийг “Олон улсын хууль ёс, стандартыг туйлын бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэж үзэн, дайны гэмт хэрэг үүсгэж болзошгүй" талаар мэдэгдсэн байна.
Палестины нутаг дэвсгэр дэх дүрвэгчид болон хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүний эрхийн шинжээчид Израилийг хууль бус эзлэн түрэмгийлэл, хүчирхийллийнхээ төлөө хариуцлага хүлээхийг шаарджээ.
Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэ ажиллагааныхаа төгсгөлд “Бид алан хядагчдыг устгахын тулд тагнуулын хамгийн нарийн мэдээлэлтэйгээр, газраас, агаараас боломжтой бүх замаар тэмцэх болно” гэж мэдэгдсэн байна.
Израилийн цэргийнхний Женинд явуулсан энэ ажиллагаа сүүлийн 20 шахам жилд үзэгдээгүй өргөн далайцтай явагдсан ч энэ удаагийнхаар хязгаарлагдахгүй гэдгийг мөн анхааруулжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Израилийн цэргийн ажиллагааг эрс буруутгав | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.