
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский БНТУ-д очиж ерөнхийлөгч Эрдогантай уулзаж хэлэлцлээ. Хоёр талт уулзалтынхаа дараа тэд бямба гарагт хамтарсан хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тэд Украиныг НАТО-д элсүүлэх асуудал болоод Хар тэнгис дэх үр тарианы хэлэлцээр зэрэг өргөн хүрээний сэдвээр санал бодлоо солилцсон байна.
НАТО-ын гишүүн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх Мягмар гарагт Литвийн нийслэл Вилниус хотноо болох гэж байгаа. Үүнээс өмнө Украины ерөнхийлөгч тус эвсэлд нэгдэх асуудлаар Европын хэд хэдэн улс орны тэргүүн нартай уулзаж хэлэлцэж байгаагийн нэг нь БНТУ-ын ерөнхийлөгч Эрдоган болж байна.
Эрдоган хэлэхдээ, Украин НАТО-д элсэх эрхтэй бөгөөд тус улс гишүүнчлэлийн асуудлыг дэмжин ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Тэрээр мөн Турк улс Орос, Украины мөргөлдөөнийг олон улсын эрх зүйн үндсэн дээр хэлэлцээрийн замаар зохицуулахын тулд хамгийн их хүчин чармайлт гаргаж буй улс юм хэмээн тодорхойлжээ. Харин үүний хариуд Зеленский Киевийн НАТО-д элсэх хүсэлтийн талаар Эрдоганы санаа бодлыг сонссондоо баяртай байгаагаа илэрхийллээ. Удирдагчид мөн Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан тээвэрлэх хэлэлцээрийг сунгах асуудлыг мөн хөндлөө.
Турк болон НҮБ-ын зуучлалаар байгуулсан тус хэлэлцээрийн хүчинтэй хугацаа долоодугаар сарын 17-нд дуусах юм. Тиймээс БНТУ-ын ерөнхийлөгч 33 сая тонн үр тариа тээвэрлэх боломжийг бий болгосон тус хэлэлцээрийг сунгана гэдэгт найдаж байгаагаа хэлжээ. Тэрээр мөн ирэх сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй энэ талаар ярилцах бодолтой байгаагаа хэлсэн. Энэ нь жил гаруйн өмнө эхэлсэн Орос Украины дайнаас хойш ОХУ-ын тэргүүн БНТУ-д хийх анхны айлчлал болох юм. Олон улсын тоймчид ирэх 7 хоногт болох НАТО-ын удирдагчдын уулзалтаар Украины гишүүнчлэлийн асуудал яригдах нь тодорхой юм гэж үзэж байгаагаа илэрхийлээд гэхдээ БНТУ үүнийг дэмжиж байгаа нь ОХУ-ын хувьд бол таалагдахгүй байх магадлалтай юм гэж ажиглагчид үзэж байгаагаа хуваалцжээ.
БНТУ-ын ерөнхийлөгч Украиныг НАТО-д элсүүлэх тухайд дэмжиж байгаагаа илэрхийлэв | ||
Үзсэн: 676 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.