Шууд Chart

АНУ-ын сангийн сайд БНХАУ-ыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү хүчин чармайхыг уриалав

2023-07-09 14:46:12

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен БНХАУ-д айлчиллаа. Тэрээр Бямба гарагт Бээжин хотноо Хятадын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай энэ 2 гүрэн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах сорилтуудын өмнө өөрсдийн үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарлан хамтран ажиллахыг уриаллаа.

Тэрээр БНХАУ-д 4 өдрийн турш саатан тус улсын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж хэлэлцэж байна. Бямба гарагт Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яаман дээр БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ тэрээр хэлсэн үгэндээ БНХАУ дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж байгаа олон тооны институциудтэй эртнээс илүү нягт хамтран ажилласан бол үр дүн нь харьцангуй өндөр байхаар байлаа хэмээн онцлон тэмдэглэжээ.  Тиймээс Бээжин  дэлхий даяар ногоон хөгжилд чиглэдэн олон тооны санаачилгыг санхүүжүүлэх зорилготой уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг байгууллагуудыг ялангуяа санхүүгийн хувьд дэмжиж,  дэлхийн дулаарлаас улбаатай дэлхий дахинд бодитоор нүүрлээд байгаа аюул, эрсдэлийг арилгахад илүү гүн гүнзгий хамтран ажиллахыг уриаллаа.

Жанет Йеллен, АНУ-ын сангийн сайд: ОХУ-Украйны мөргөлдөөнтэй холбоотойгоор Манай 2 улсын дунд санал зөрөлдөөнтэй  байгаа энэ цаг үед илүү  нээлттэй, шударга харилцаа холбоог хадгалах нь миний ард түмний ашиг сонирхолд нийцнэ гэдэгт би итгэж байгаа тул энэ эгзэгтэй мөчид би Бээжинд ирээд байна. Энэ нь бид бүгдэд заналхийлж буй урт хугацааны сорилтуудыг шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой юм. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний хувьд эдгээр сорилтуудыг хамтдаа даван туулах нь бидний ашиг сонирхолд нийцнэ. Энэ бол дэлхий нийтээрээ биднээс хүлээж байгаа зүйл мөн. Мөн уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хэмжээнд тулгарч буй сорилтуудын жагсаалтын тэргүүн эгнээнд бичигдэж байгаа. Тиймээс АНУ болон Хятад 2 улс энэхүү аюулыг арилгахын тулд хамтран ажиллах ёстой. Парисын хэлэлцээр зэрэг АНУ, БНХАУ-ын уур амьсгалын талбар дахь хамтын ажиллагаа  нь дэлхий нийтээр ололт амжилтыг харуулж чадсан.

Мөн тэрээр уур амьсгалын сорилтуудыг даван тулах зорилгодоо хүрэхийн тулд хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнууд дахь түншүүдээ дэмжихийг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ. Дэлхийн хамгийн том хүлэмжийн хий ялгаруулагч, сэргээгдэх эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулагчдын хувьд АНУ, БНХАУ 2-ын хувьд уур амьсгалын төслүүдийн санхүүжилтэд хамтын ажиллагаагаа идэвхтэй үргэлжлүүлэх нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын сангийн сайд БНХАУ-ыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд илүү хүчин чармайхыг уриалав  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй