Шууд Chart

Азийн зарим улс үер усны гамшигт өртжээ

2023-07-09 16:43:33

Өнгөрөгч 7 хоногт манай улсад үед усны гамшиг нүүрлэн одоо ч аюул холдоогүй байгаа. Үүнтэй адил байгалийн гамшиг дэлхийн зарим улс орнуудад ч мөн тулгарч, ард иргэдийн хэвийн амьдралд нөлөөлөөд байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал БНХАУ-ын баруун өмнөд мужуудад ихээхэн хэмжээний аадар бороо орж, 10 гаруй хүн амь эрсдэж, 7,500 га тариалангийн талбай үерт автсан гэж мэдээлж байгаа юм. Түүнчлэн Япон улсад усархаг бороо тасралтгүй олон цагаар орж усны түвшин хэт ихэсжээ.

БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Чончин хотод гэхэд л даваа гарагаас хойш үргэлжлэн орсон аадар борооны улмаас 15 хүн амиа алдаж, дөрвөн хүн ор сураггүй алга болсон байна. Хөх мөрний эрэг орчмын нутгаар голчлон орсон аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлэж, Хятадын 19 дүүрэг, хошууны 130 мянга гаруй хүний хэвийн аж амьдралд нөлөөллөө гэж мэдээлжээ. Тиймээс тус бүсэд III зэрэглэлийн  аврах ажлыг зохион байгуулж, 29,000 гаруй нэр төрлийн майхан, хөнжил, эвхдэг ор зэргийг хамгийн их хур тунадас орсон Ванжоу дүүрэгт хуваарилсан байна. Хятад улс байгалийн гамшигт нэрвэгдсэн хамгийн их нэрвэгдсэн Чончин, Сычуань мужуудад үерийн болон бусад геологийн гамшгийг арилгах ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор 320 сая юань зарцуулсан байна.

Харин хамгийн сүүлд авсан мэдээллээр Бямба гарагийн үдээс хойш Япон улсын Шиманэ мужийн баруун хэсэгт борооны үүл ихээхэн цугларч аадар бороо орж байгааг Эн Эйч кэй мэдээллээ. Тиймээс Иргэдийг хөрсний гулгалтаас болгоомжилж, нүүлгэн шилжүүлэх тухай мэдээлэлд анхаарлаа хандуулж, аюулгүй байдлыг анхаарч ажиллахыг албаныхан уриалжээ.

Мөн Нагасаки мужийн Ики хотод Бямба гарагийн 13 цагийн орчимд 1 цаг үргэлжлэн орсон борооны улмаас усны түвшин 31 миллиметрээр нэмэгдсэн байна. Японы зарим мужуудад Ням гарагийн үдээс хойш хүртэл аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг ус цаг уурын агентлагаас мэдээлжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Азийн зарим улс үер усны гамшигт өртжээ  
Үзсэн: 992 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй