
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден гол холбоотон Их Британи улсын Ерөнхий сайд Риши Сунактай хэлэлцээ хийхээр Лондонд хүрэлцэн очоод байна. Маргааш Литвийн нийслэл Вильнюст болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын босгон дээр Байден, Сунак нар дэлхий нийтийн чанартай олон асуудлаас гадна Украины асуудлыг голлон хэлэлцэх товтой байна.
Америкийн Цагаан ордны тэргүүн ням гарагийн орой Лондонд буусан бол, энэ цаг мөчид Британийн Ерөнхий сайд Риши Сунактай уулзаж хэлэлцээ хийж байгаа юм байна. Сунак болон ерөнхийлөгч Байден нар хоёулаа энэ долоо хоногт чуулах НАТО-ын дээд хэмжээний уулзалтад оролцохын өмнө, тус цэргийн эвслийн зүгээс Украинд дэмжлэг тусламж үзүүлэх боломжийн талаар зөвлөлдөх мэдээлэлтэй байна. “Их Британи улс НАТО-гийн Европ дахь гол холбоотон, мөн АНУ-ын худалдаа, батлан хамгаалах, дипломатын хамгийн чухал түнш орон учир Украинд тулааны талбарт амжилт олоход шаардлагатай бүх дэмжлэгээр хангахад бид, тэргүүн эгнээнд байх учиртай” гэж Риши Сунакийн ажлын албанаас бямба гарагт нийтлүүлсэн мэдэгдэлд дурдсан байна. Хэдийгээр энэ айлчлал албан ёсны өндөр дээр хэмжээнийх биш ч гэлээ Брекситийн асуудлаас болж хөндийрөөд байсан Атлантыг дамнасан гол түншлэл, Орос-Украины дайны асуудал дээр эргэн нэгдэж байгааг харуулж байна гэж ажиглагчид бичиж байна. Гэхдээ Украиныг НАТО-д гишүүнчлэх болон энэ талын бусад асуудлаар АНУ, Их Британи хоёр зөрүүтэй байр суурь баримталж байгаа.
Дайн ид үргэлжилж байгаа өнөөгийн нөхцөлд Украиныг гишүүнчлэх боломжгүй гэдэг дээр талууд санал нэгдмэл байгаа ч Ерөнхийлөгч Байден сая CNN-д өгсөн ярилцлагадаа, “ардчилалд бүрэн шилжих гэхчлэн НАТО-д элсэхэд тавигддаг бүх шаардлагыг Украин бүрэн хангах учиртай” гэж ярьсан. Харин Их Британи Украиныг НАТО-той давуу нөхцөлөөр эвсэх арга замыг тодорхой болгож, тэр болтол аюулгүй байдлын баталгаа олгох байр суурьтай байгаа учир 2 удирдагчийн хооронд одоо өрнөх яриа хэлэлцээний үр дүн олон улсын ажиглагчдын анхаарлыг ихээхэн татаж байна. Байден тэрчлэн, өнгөрсөн 5-р сард албан ёсоор Их Британийн хаан ширээнд заларсан 3-р Чарльзд анх удаа Винзорын ордонд бараалхах юм байна. Тэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны сэдвээр гол санал солилцохоор төлөвлөжээ. Байден Литвад НАТО-ын дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа тус эвслийн шинэ гишүүн Финланд улсад айлчлахаар төлөвлөсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Их Британид айлчлал хийж байна | ||
Үзсэн: 798 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.