Шууд Chart

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Украиныг гишүүнчлэх эсэх болон бусад асуудлыг хэлэлцэнэ

2023-07-11 13:18:54

Литвийн нийслэл Вильнюст өнөөдөр НАТО-гийн дээд хэмжээний уулзалт эхэлнэ. Энэ үеэр Украины асуудлаарх хүчнүүдийн хуваарилалт ямар байх, аюулгүй байдлын баталгаа олгох тал дээр холбоотнууд хоорондын санал зөрөлдөөн, мөн эцсийн бүлэгтээ ямар гарц шийдэлд хүрэх бол зэрэг олон асуудал өнөөдөр хэвлэлүүдийн халуун сэдэв болж байна.

Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар, Украины Ерөнхийлөгч Зеленский “Улс нь НАТО-д элсэхэд бэлэн. Гагцхүү тус эвслийн зүгээс өөрийнх нь улсыг гишүүнчлэхэд бэлэн болохыг хүлээж байна” гэсэн байр суурь илэрхийлж байна. Гэхдээ дайн болж байгаа үед гишүүнээр элсүүлэх боломжгүй гэдэг нөхцөлийг Киев хүлээн зөвшөөрч, улмаар наанадаж аюулгүй байдлын баталгаа олгох шаардлагыг НАТО-д тавьж байгаа. “Украин дахь Оросын түрэмгий ажиллагаа Европын бусад хэсэг рүү тэлэх эрсдэлээс шалтгаалж аюулгүй байдлын баталгаа зөвхөн Украинд төдийгүй, Молдав зэрэг хөрш орнуудад нь ч бас чухал шаардлагатай” гэж Зеленский мэдэгджээ. Тиймээс АНУ, Франц, Герман, Их Британи зэрэг НАТО-гийн гол томоохон орнууд Украины дайны дараах аюулгүй байдлын баталгаа гэдэгт юуг хамааруулж авч үзэх тухайд Вильнюст зөвлөлдөнө гэж “Дойче велле” мэдээлсэн байна. Израил загварын хамтын ажиллагаа гэдэг нь НАТО-гийн хувьд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардах, өртөг өндөртэй хамтын ажиллагаа гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна. Германы канцлер Олаф Шольц харин, хил хязгаарын маргаан нь шийдэгдээгүй улсыг гишүүнд элсүүлэхгүй байх гэсэн нэг гол урьтал нөхцөлийг баримтлах болно гэдгээ түрүү 7 хоногт илэрхийлж байсан байна.

НАТО-гийн ЕНБД-ын албан тушаалд ахин нэг жил сунаж ажиллахаар болсон Йенс Столтенбергийн тухайд, эвслийнх нь орнуудаас Украинд өнөөгийн нөхцөлд үзүүлж чадах хамгийн гол дэмжлэг бол зэвсэг, сум хэрэгсэл, сургалтын тусламжаа шаардлагатай хэмжээгээр үргэлжлүүлэх” гэдэг байр сууриа давтан илэрхийлж байна. “Одоо болох дээд уулзалтаас ч мөн Украинд үзүүлэх цэргийн шинэ тусламжаа зарлах төлөвтэй байгаа”-г Столтенберг мэдэгджээ.

Украины талаар баримтлах бодлого, Оросын зүгээс НАТО-гийн нутаг дэвсгэрт болзошгүй халдлага дайралт үйлдэх нөхцөлд авах арга хэмжээ, тогтоох барих, батлан хамгаалах хүчин чармайлт дээр гишүүн 30 улс өнөө хэр бүрэн нэгдмэл биш. Турк гэхэд түдгэлзсэн байр суурьтай бол, НАТО-гийн орнууд дундаа Оросыг хамгийн их түшиглэдэг Унгар улс өнөө хэр Украиныг дэмжих тал дээр хойрго. Франц сүүлийн үед Украиныг эвсэлдээ гишүүнчилж авахын төлөө байр суурь илэрхийлж байгаа бол, Герман зэрэг өрнөдийн бусад улс нэлээд тээнэгэлзсэн байдалтай, Балти хавийн орнууд харин Украинд зэвсэг, техникийн тусламжийг хамгийн их нэмэгдүүлэх байр суурь илэрхийлдэг гэхчлэн дор бүрдээ харилцан адилгүй байр суурьтай байгааг дипломат эх сурвалжууд тэмдэглэжээ. Энэ зуур Умард Атлантын эвсэл 74 жилийн түүхэндээ анх удаа дээд уулзалтаа,  эртнээс зөрчилдөөнтэй харилцаатай явж ирсэн ОХУ-д хамгийн ойр байршилд хийж байгааг хэвлэлүүд онцолж байна.

Балти хавийн жижиг улс Литвийн нийслэлд ийнхүү урьд үзэгдээгүй олон орны төр засгийн тэргүүн нар чуулахтай холбогдуулж, Литвийн арми болон НАТО-гийн холбоотнууд 4000 шахам цэргээ хамгаалалтад дайчилсан байна. Дээрээс нь цагдаагийнхан болон нууц албадынхныг тооцвол, 12000 шахмаар тоологдох хүн 11,12-ны туршид аюулгүй байдлыг сахиулж ажиллах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Украиныг гишүүнчлэх эсэх болон бусад асуудлыг хэлэлцэнэ  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй