
НАТО Токиод төлөөлөгчийн газар буюу салбар оффисоо нээх ажлаа ирэх намар эсвэл түүнээс ч хойшлуулж магадгүй байна. Японы “Никкэй” сонинд мэдээлэл сайтай эх сурвалжаас иш татан энэ тухай бичсэнийг хэвлэлүүд уламжилж байна.
Японы нийслэлд буюу Ази тивд НАТО-гийн салбар оффис нээх асуудлыг Литвад болох эвслийн дээд хэмжээний уулзалтаар батална гэж анх төлөвлөж байсан байна. Гэвч Хятадтай харилцаагаа сэвтээх хүсэлгүй байгаа Франц улс энэ асуудал дээр эсрэг байр суурь илэрхийлсэн талаар эх сурвалжууд мэдээлсэн байна. Улмаар маргааш Литвийн нийслэл Вильнюст эхлэх гэж байгаа НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас шийдвэр эцэслэн батлахад шаардлагатай 100 хувийн санал бүрдэх магадлал багасаж байна. Тэгээд ч Токио дахь оффисын асуудал НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын ач холбогдол өндөртэй сэдвүүдийн тоонд орохгүй учир ирэх намар эсвэл тэрнээс ч хойш тавигдаж магадгүй гэж эх сурвалж ярьсан юм байна. Гэхдээ НАТО болон Японы тал асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж, энэ ондоо багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байгаа мэдээлэлтэй байна.
Япон улс 2007 оноос хойш НАТО-гийн төлөөлөгчийн газрыг нийслэл Токиод нээх боломжийг хэлэлцэж байгаа юм байна. Япон улсын тухайд, сүүлийн үед Умард Атлантын эвсэлтэй харилцаагаа идэвхтэй өргөжүүлж байгаа. Тус улс 2018 онд Брюссельд НАТО-гийн дэргэдэх төлөөлөгчийн газраа нээж байсан бол, Ерөнхий сайд Фумио Кишида мөн өнгөрсөн онд НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад очсон Японы анхны удирдагч болж байсан. Одоо Литвад болох дээд уулзалтад ч бас оролцох товтой байгаа юм. НАТО Токиод буюу Ази тивд анхны салбар төвөө нээснээр Япон, Өмнөд Солонгос, Австрали зэрэг Ази дахь түнш орнуудтай байнгын холбоо харилцаа үүсгэж хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд нь тустай гэж үзэж байна. Харин Хятадын Засгийн газар үүнийг, НАТО Ази Номхон далайн бүс нутаг руу “өнгөлзөж байгаа хэрэг” хэмээн эрс шүүмжилж байсан юм. НАТО ийм төв нээвэл Азийн “бие дэх хорт өргөс” болж, бүс нутгийг хуваагдмал байдалд түлхэж, аюул учруулна гэж Хятадын тоймчид мөн бичсэн байна.
Никкэй: НАТО Токиод төлөөлөгчийн газар нээхээ хойшлуулна | ||
Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.