
Узбекистанд ням гарагт явагдсан ээлжит бус сонгуулиар одоогийн Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев сонгогчдын илт давуу саналаар гурав дахь удаагаа улиран сонгогдож байна. Өнгөрсөн хавар явагдсан бүх нийтийн санал хураалтаар Узбекистаны Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгч Мирзиёевын өмнөх 2 бүрэн эрхийн хугацааг “тэглэсэн”. Улмаар Мирзиёев тус бүр 7 жилээр 2 бүрэн эрхийн хугацаанд сонгогдох эрх нь нээгдсэн учиртай юм байна.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр, Мирзиёев 87,05 хувийн саналаар илт давуу ялалт байгуулсан байна. Түүнтэй өрсөлдсөн бусад 3 нэр дэвшигчийн тухайд, сенатын гишүүн Робахон Махмудова 4,43, парламентын Доод танхимын дэд дарга Улугбек Иноятов 4,02 хувийн санал авч, Абдушукур Хамзаев гэх 4 дэх нэр дэвшигч 3,74 хувийн санал авчээ. Улмаар Төв Азийн хамгийн олон хүн амтай Узбекистаны нийт 15,6 сая сонгогчийн 79,8 хувь нь санал хураалгасан гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос нь мэдээлсэн байна. Өнгөрсөн 4-р сард ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсаны дүнд ийнхүү өдгөө 65 настай Ерөнхийлөгч Мирзиёев 2040 он хүртэл Узбекистаны засгийн эрхийг барих эрх нь нээлттэй болжээ. Одоогоос 7 жилийн өмнө Узбекистан дахь нэг хүний авторитар дэглэмийг халж, илүү шинэ цагийн, нээлттэй төр улс байгуулах нь гэсэн найдвар тээж Мирзиёев сонгогдож байсныг BBC мэдээндээ онцолсон байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Узбекистаныг тэрээр гадаадын хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалд нээлттэй орон болгоно гэдэг амлалт өгч гарч ирж байжээ. 2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө ерөнхий сайдын албыг хашиж байсан Мирзиёев 2021 онд улиран сонгогдсон байна. “Шинэ Узбекистаныг бүтээн байгуулагч” хэмээн өөрийгөө нэрлэдэг Мирзиёев хэвлэлийн мэдээлэлд тавих хяналтыг сулруулж, албадан хөдөлмөрийг халж, зах зээлийн шинэчлэл хийж, өмнөх Ерөнхийлөгч Ислам Каримовын засаглалын үед хоригдож байсан улс төрийн хоригдлуудыг цагаатгасан зэрэг ахиц дэвшил гаргасанд тооцогддог байна. Энэчлэн Узбекистан улсын нөхцөл байдал, ялангуяа хүний эрхийн тал дээр Каримовын үеэс дээрдсэн тал байгаа ч өөрчлөх ёстой зүйл их байгаа гэж ТББ-ууд үздэг байна. Тэрчлэн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг “нийгэмд төдийгүй танигдаагүй, зохиомол нэр дэвшигчдийг одоогийн Ерөнхийлөгчтэй өрсөлдүүлсэн, улс төрийн томоохон луйвар, Мирзиёевын гэр бүлийн засаглалыг бүрэлдүүлж байгаа хэлбэр” гэхчлэн бие даасан судлаач шинжээчдийн зүгээс шүүмжилж байгаа юм байна. Энд дурдахад, 2022 онд 5,7% өсөлттэй байсан Узбекистаны эдийн засаг тогтвортой өсөж, хувь хөрөнгө оруулалтын урсгал үргэлжлэх төлөвтэй байгааг эдийн засагчид хэлж байна.
Ш.Мирзиёев Узбекистан улсын ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа сонгогджээ | ||
Үзсэн: 947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.