
НҮБ-аас Хар тэнгисээр Украины үр тариаг экспортлоход чиглэсэн хэлцлийг сунгах тухай Оросын хариуг хүлээж байгаагаа мэдэгдэж байна.
Антонио Гутерреш энэ 7 хоногийн мягмар гарагт Оросын Ерөнхийлөгчид захидал илгээж, Оросын “Россельхоз” банкийг олон улсын төлбөр тооцооны СВИФТ системд эргэн нэгтгэхийн хариуд дээрх хэлцлийг сунгах санал тавьсан юм байна.
Украины үр тарианы экспортыг тасалдуулахгүй байхад чиглэсэн энэ хэлцлийн хүчинтэй хугацааг өмнө нь гурван ч удаа сунгаж байсан.
Одоогийнх нь энэ сарын 17-ноор дуусгавар болох гэж байгаа учир талууд асуудлыг эрчимтэй хэлэлцэж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгчийн мэдээлснээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Антонио Гутеррешийн захидалд одоогоор ямар нэг хариу өгөөгүй байгаа юм байна. Гэхдээ НҮБ болон Турк улсын зуучлалтайгаар Украинтай байгуулсан энэ хэлцлээс гарч магадгүй гэдгээ Владимир Путин уржигдар анхааруулсан байна.
Тэрбээр энэ хэлэлцээрээр Оросын талд үр ашигтай ямар ч тохиролцоо хэрэгжээгүй учир сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлжээ. Улмаар хэлэлцээрийг дахин сунгахаас татгалзах боломжтойг дурдсан байна.
Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган өмнө нь Оросын Ерөнхийлөгчтэй хэлцлийг сунгах тухайд тохиролцсон талаараа сэтгүүлчдэд мэдээлсэн.
Тэрбээр “Ерөнхийлөгч Путинтай нэгдмэл байр суурьтай байгаагийнхаа ачаар бид буурай хөгжилтай Африкийн орнуудын асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж чадна гэж найдаж байна” гэж мэдээлжээ.
Үүнээс гадна Владимир Путиныг ирэх наймдугаар сард Турк улсад айлчлахаар бэлтгэж байгаа тухай Реджеп Тайип Эрдоган сэтгүүлчдэд ярьсан байна.
Оросын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков харин үр тарианы хэлцлийг сунгах эсэх асуудлыг Орос улс хэлэлцсэн хэвээр байгаа гэдэг мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн.
Мөн Оросын Ерөнхийлөгчийн Турк улсад хийж болзошгүй айлчлалын тов одоогоор тодорхойгүй байна гэж тэрбээр мэдэгджээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн ОХУ-ыг Үр тарианы хэлцлийг сунгахад уриалсан байна. Украины үр тариаг Хар тэнгисээр тээвэрлэх хэлцлийг одоогоос нэг жилийн өмнө буюу 2022 оны долоодугаар сарын 22-нд Истанбулд 120 хоногийн хугацаатайгаар, талуудын аль нэг нь эсэргүүцээгүй нөхцөлд автоматаар сунгагдах нөхцөлтэй байгуулж байсан.
НҮБ болон Турк улс энэ гэрээг Орос болон Украинтай тус бүрт нь зурж байгуулсан байдаг.
Үүнээс гадна ОХУ болон НҮБ-ын хооронд Оросын ХАА-н бүтээгдэхүүн, бордооны экспортын хязгаарлалтыг цуцлах тухай санамж бичиг байгуулж байжээ.
НҮБ: Үр тарианы хэлцлийг сунгах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хариуг хүлээж байна | ||
Үзсэн: 729 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.