
КОВИД-19 цар тахлын улмаас ихээхэн буураад байсан вакцинжуулалт сүүлийн нэг жилд эргэн сэргэж эхэлжээ. Энэ нь эерэг үзүүлэлт боловч цар тахлын өмнөх үетэйгээ харьцуулахад одоо ч дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдийн тоо өндөр байгаа нь нийт хүн амын хувьд эрсдэлт нөхцөл байдал юм гэж олон улсын байгууллагуудаас анхааруулж байна. Дархлаажуулалт, тэр дундаа бага насны хүүхдийг вакцинжуулах нь хүн амын эрүүл мэндийн суурь баталгаа байдаг гэдгийг тэд онцлон тайлбарлаж байна.
Бага насны хүүхдүүдийн дархлаажуулалтын үйлчилгээ 2022 онд өмнөх оныхоосоо илүү олон хүүхдэд хүрч чаджээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага болон НҮБ-ын хүүхдийн сангаас өнөөдөр гаргасан тайлангаас үзвэл 2021 онд дэлхий даяар 24,4 сая хүүхэд тогтмол дархлаажуулалтад хамрагдаж чадаагүй бол 2022 онд энэ тоо 20,5 сая болж буурсан эерэг үзүүлэлттэй байна. Хэдийгээр урьд жилийнхээсээ 4 саяар бага тоон үзүүлэлт гарсан ч цар тахал гарахаас өмнөх 2019 оны үзүүлэлттэй харьцуулахад одоо ч өндөр байсаар байна.
Иймд дархлаажуулалтын хөтөлбөрийг улам сайжруулж, цаашид хүрээгээ тэлэх, зогсонго байдалд орсон үйлчилгээг эргэн сэргээх нь нэн тэргүүний асуудал болж байгаа юм. 2022 онд тогтмол вакцинжуулалтад хамрагдаагүй 20,5 сая хүүхдийн 14,3 сая нь нэг ч удаа вакцин хийлгэж байгаагүй гэсэн тоо гарчээ. Энэ нь 2021 оныхоос мөн л 4 саяаар буурсан, нааштай үзүүлэлт юм. Энэхүү эерэг үзүүлэлт нь хоёр жилийн турш царцанга байдалд ороод байсан дархлаажуулалтын үйлчилгээ сэргэж буйг харуулж байна, мөн үйлчилгээ эргэн сэргэхэд бүхий л хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй хүмүүст талархаж байна гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ерөнхий захирал Доктор Тедрос Гебрейесус хуваалцлаа. Гэхдээ олон улсын болон бүсийн дундаж тоог хараад баярлах эрт байна. Тоондоо эрдэж, хүчин чармайлтаа сааруулбал хүүхдүүд л хариуд нь зовох болно гэдгийг тэрээр нэмж санууллаа. Учир нь эргэж сэргэсэн дархлаажуулалтын үйлчилгээ тоотой хэдэн улсад л төвлөрч сайжирсан үзүүлэлттэй байна. Энэтхэг, Индонез зэрэг нярайн тоо өндөр, хөгжиж байгаа орнуудад вакцинжуулалт удаан сэргэж байна. Цар тахлын үеэр дархлаажуулалт бүр мөсөн зогсоод байсан 73 орноос өнөөдөр 15 нь дархлаажуулалтын үйлчилгээгээ бүрэн сэргээсэн, 24 нь эргэн сэргэх төлөвтэй байгаа бол үлдсэн 34 нь одоо ч зогсонго байдалтай хэвээр байна. Дархлаажуулалт муу байгаа нь бусад эрүүл мэндийн асуудал үүсэх үүдэч нөхцөл болдог. Тиймээс нярай бүрд дархлаажуулалтыг хүргэж үйлчлэх, вакцинжуулалтыг сэргээх хүчин чармайлтаа нэмэгдүүлэх нь эрүүлийг хамгаалах салбар сууриа тавьж байгаагийн илрэл болох юм. Жишээлэхэд нярай болон бага насны хүүхдүүдийн дунд элбэг байдаг улаан бурхан өвчний вакцинжуулалт мөн олон оронд сэргээгүй байгаагаас дэлхий даяар 35,2 сая хүүхэд улаан бурхны халдвар авах эрсдэлтэй байна гэж анхааруулжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Катерин Рассел энэ талаар, улс орнууд дархлаажуулалтын хөтөлбөрөө бүрэн сэргээх хүртэл дэлхийн өнцөг булан бүрд бага насны хүүхдүүд урьдчилан сэргийлж болох өвчнөөр өнгөрөх эрсдэл оршсоор байх болно. Улаан бурхан зэрэг өвчнүүд хил хязгаар, үндэс угсаа ялгахгүй. Одоо зогсонги байгаа вакцинжуулалтыг сэргээж, цар тахлын өмнөх үеийн тоондоо хүрч, давуулан биелүүлэхийн тулд маш их хүчин чармайлтыг гаргах ёстой гэж мэдэгдсэн байна.
Бага насны хүүхдийн вакцинжуулалт цар тахлаас хойш эргэн сэргэж байна | ||
Үзсэн: 741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.