Шууд Chart

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал АНУ, БНХАУ-ын харилцааг ойртуулах боломжтой

2023-07-19 12:24:54

АНУ-ын Уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Жон Керри Хятад улсад гурван өдрийн айлчлал хийж байна.

Энэхүү айлчлалынхаа хүрээнд өнөө үеийн дэлхий дахиныг хамарсан хурцадмал асуудал болох уур амьсгалын өөрчлөлтийн талаар Хятадын талын бие төлөөлөгч Ше Жэнхуатай хэлэлцэж байна.

Хятад болон АНУ нь дэлхийд хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг улсууд болохынхоо хувьд мягмар гарагт эхэлсэн энэхүү уулзалтын үеэр метаны хийг багасгах, нүүрсний хэрэглээг хязгаарлах, буурай орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг давахад нь туслах зэрэг сэдвүүдийг хөндөж буй юм байна.

Энэхүү айлчлал нь ойрын өдрүүдэд тохиолдоод буй онц халуун цаг агаартай давхцаж байгаагаараа онцлог юм.

АНУ-ын талаас Бээжинг нүүрсний хэрэглээгээ танахыг санал болгож байгаа. Нүүрсний хэрэглээнээс үүдэлтэй метаны хий болон нүүрсхүчлийн хийн давхар исэл нь дэлхийн дундаж температур өсөхөд нөлөөлж буй гол хүчин зүйл гэж үзэж байна.

Тусгай төлөөлөгч Жон Керри мөн өнгөрөгч даваа гарагт Хятадын дипломатч Ван Итэй уулзаж, худалдааны хориг, Тайвань, хүний эрхийн асуудал, Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан зэргээс болж сэвтээд байсан хоёр улсын харилцааг сэргээх тал дээр ярилцсан. Тус уулзалтын төгсгөлд Жон Керри “Хоёр улсын олон улс дахь ашиг сонирхол ихэнх талбарт өөр боловч зовлон нэгтэй асуудал дээрээ хамтарч ажиллаж чадах юм бол дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орнуудын хувьд олон асуудлыг шийдвэрлэж чадах юм” гэж байр сууриа илэрхийлжээ.

Харин Хятадын дипломатч Ван И "Вашингтоныг Хятад руу чиглэсэн илүү уян хатан, цаг үеэ мэдэрсэн, эерэг гадаад бодлого хэрэгжүүлнэ гэж итгэж байна” гэсэн байна.

Жон Керри нь өнгөрсөн зургаадугаар сараас хойш Хятадад айлчилж байгаа АНУ-ын гурав дахь өндөр дээд албан тушаалтан юм.

Түүнээс өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Сангийн сайд Женет Йеллен нар Хятадад айлчлаад байсан билээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал АНУ, БНХАУ-ын харилцааг ойртуулах боломжтой   
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй