Шууд Chart

Солонгосын хоорондын хил давсан АНУ-ын цэргийг БНАСАУ-д саатуулжээ

2023-07-19 12:33:55

НҮБ-аас тогтоосон Солонгосын хоорондын хилийн бүсэд алба хааж байсан АНУ-ын нэг цэрэг хилийн чанга хатуу харуул хамгаалалтыг давж Умард Солонгосын хилээр нэвтэрсэн хэрэг өнөө өглөө болжээ.

Энэ цэргийг Умардын талд саатуулсан байна. АНУ-ын зүгээс түүнийг дээрээс тушаал аваагүй, сайн дураар хил давсан гэж мэдэгджээ.

Байлдагчийг хил нэвтэрснээс хэдхэн цагийн дараа буюу өнөө өглөө Умард Солонгос улс Зүүн тэнгисийн чигт хоёр баллистик пуужин хөөргөсөн байна. Пуужин хөөргөсөн нь зөвшөөрөлгүй хил давсан байлдагчийн асуудалтай холбоотой эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Хил давсан байлдагчийн нэрийг Травис Кинг гэдэг. Тэрбээр 2021 онд Өмнөд Солонгост ирж алба хааж эхэлжээ. Одоогоор түүнээс ямар нэгэн сураг ажиг дуулдаагүй байна гэж АНУ-ын Өмнөд Солонгос дахь цэргийн коммандлагч мэдэгдсэн.

Дээрээс өгсөн тушаал байхгүй, зөвшөөрөлгүй хил нэвтэрсэн энэ хэргийг АНУ-ын Солонгосын хойг дахь батлан хамгаалах газраас шалгаж байна гэсэн хариу өгсөн. Хоёр улсын хил дээрх цэрэггүй бүсэд үйл ажиллагаагаа явуулдаг НҮБ-ын хорооноос хил давсан байлдагчийг суллуулах хэлэлцээр хийхээр Умард Солонгосын армитай холбоо тогтоосон гэж мэдэгдлээ.

Вашингтонд төвтэй Умард Солонгосын хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооноос Умардын удирдлагууд байлдагчаас Өмнөдийн болон АНУ-ын цэргийн үйл ажиллагааны талаар хэлүүлэх гэж оролдох нь лавтай. Мөн түүнийг Умардын цэргийн ухуулгын хэрэгсэл болгож ашиглаж ч магадгүй гэж таамаглаж буй юм байна.

Хоёр Солонгосын хил дээрх энэхүү цэрэггүй бүс нь дэлхий дээрх хамгийн өндөр хамгаалалт бүхий газруудын нэг бөгөөд газар доорх бөмбөг, цахилгааны утсуудаар хүрээлэгдсэн, 24 цагийн турш харуул хамгаалалт гарч байдаг бүс юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Солонгосын хоорондын хил давсан АНУ-ын цэргийг БНАСАУ-д саатуулжээ   
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй