
Их Британид орогнол хүсэгчид, цагаач, дүрвэгсдийг байрлуулах зорилгоор нийтийн орон сууц шиг тохижуулан угсарсан Бибби Стокхольм хөлөг онгоцыг ашиглахаар төлөвлөжээ.
Уг хөлөг онгоц өнгөрсөн даваа гарагт Их Британийн өмнөд эргийн Портланд боомтод ирж байрласан байна.
Усан онгоц дээр цагаач, дүрвэгсдийг амьдруулах гэж буй энэхүү шийдвэрт Их Британийн олон нийт болон Портландын оршин суугчид олон янзаар хариу өгч байна.
Орон сууц бүхий энэхүү хөлөг онгоцонд 500 эрэгтэй орогнол хүсэгчийг нүүлгэн суурьшуулна гэж Их Британийн Засгийн газраас төлөвлөөд байна.
Энэхүү санаачилгыг Их Британийн Төрийн нарийн бичгийн дарга Сүэлла Бравермэн гаргасан ба шалтгаан нь цагаач, орогнол хүсэгчдийг байрлуулан амьдруулахад татвар төлөгчдийн мөнгөөр маш их зардал гаргаж байна гэсэн тайлбарыг өгчээ.
Одоогийн байдлаар цагаач, орогнол хүсэгчдийг зочид буудалд байрлуулж байгаагаас өдөрт дунджаар 6 сая фунт стерлинг зарцуулж байгаа гэсэн тайлан гарсан байна.
Хөлөг онгоц дээрх орон сууцуудын тухайд гурван давхартай, 222 өрөөтэй, телевиз, видео тоглоом бүхий танхимтай, бялдаржуулах төвтэй, нийтдээ 10 мянган тонны даацтай байгууламж юм.
Их Британи дахь хүний эрхийн байгууллагууд, дүрвэгсдийн зөвлөл гэх мэт 50 гаруй төрийн бус байгууллагаас орогнол хүсэгчдийг ийм саатуулах байр шиг газарт байрлуулах гэж байгааг хүнлэг бус, харгис шийдвэр гэж шүүмжилж байна.
Харин Портландын эргийн оршин суугчдын хувьд цагаачдаас болж нутгийнхны амар тайван байдал алдагдах вий гэсэн айдастай байгаагаа илэрхийлжээ. Нутгийн зарим оршин суугч хөлөг ирэх үеэр Портландын боомтод эсэргүүцлийн тайван жагсаал ч мөн хийгээд амжсан байна.
Жагсагчдын зарим нь дүрвэгсэд хүлээн авах дургүй байгаагаа илэрхийлэхээр, зарим нь хүнлэг бус шийдвэртэй тэмцэхээр ирсэн байна. Ямартай ч энэ сарын сүүлчээс эхлэн хөлөг дээр суурьших хүмүүс шат дараатайгаар, цөөн цөөнөөрөө ирж эхэлнэ гэдгийг эргийн албаны зүгээс мэдэгдлээ.
Их Британид орогнол хүсэгчдийг байрлуулахад усан онгоц ашиглахаар төлөвлөжээ | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.