
Швед улсад хэт барууны үзэлтнүүд Коран судрыг шатаасан нь Исламын шашинтнуудын дунд ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэ хэрэгтэй холбогдуулж Исламын орнуудаас гадна Багдад хотноо суух Шведийн элчин сайдын яамны гадаа болж байна. Хоёр талын эсэргүүцлийн бослого хурцадмал байдалтай байгаа тул Иракийн засгийн газраас Багдадад суух Шведийн элчин сайдыг Ирак улсыг нэн даруй орхин явахыг шаарджээ.
Өнгөрсөн 4-р сард Исламын Рамадан сарыг тохиолдуулан Шведийн хэт барууны улс төрч Расмус Палудан Коран судрыг шатаасан хэрэг гарсан. Расмус Палудан нь Швед дэх муслимуудын хамгийн их төвлөрөн суурьшсан газруудаар явж судрыг удаа дараа шатаасан байна. Гэвч түүний энэ үйлдлийг Шведийн хууль сахиулах байгууллагаас таслан зогсоох ямар нэг арга хэмжээ аваагүй төдийгүй, Палуданыг дагалдан явсан байна. Өөрөөр хэлбэл, түүний энэ үйлдлийг Шведийн талаас хамгаалж байгаад Исламын шашинтнууд дургүйцлээ илэрхийлж байгаа юм. Энэ хэргээс үүдэлтэйгээр Исламын орнуудад Шведийг эсэргүүцсэн жагсаалууд газар авч, Шведийн элчин сайдын яамд руу дайрах, дургүйцлээ илэрхийлэх нь ихэсч байна. Өнгөрөгч 6-р сард Иракийн жагсагчид Шведийн элчин сайдын яам руу дайран орсон хэрэг гарсан. Тэгвэл энэ удаа Пүрэв гарагт мөн Шведийн элчин сайдын яамны гадаа цуглаж, дайран орохыг завдлаа. Шведийн гадаад хэргийн сайд үүнийг байж боломжгүй үйлдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Шведийн элчин сайдын яам руу дайрахад нөлөөлсөн бас нэг зүйл нь Иракаас Шведэд дүрвэн ирсэн Салван Момика гэгч этгээдтэй холбоотой юм. Тэрээр Коран судрыг шатаахыг хүсэхэд Шведийн цагдаагийн газраас зөвшөөрөл олгосон нь олны дургүйцлийг төрүүлж, улмаар Шведийг эсэргүүцэхэд хүргэжээ.
Өнгөрсөн сард Момика Стокхольм дахь Исламын төв сүмийн гадаа судрыг шатаасан бол энэ удаа Иракын элчин сайдын яамны гадаа судрыг шатаахаар оролдсон байна. Өмнө нь Иракийн засгийн газрын зүгээс Шведийн элчин сайдын яамны гадаа жагсагчдыг албадан тарааж байсан. Момикаг дахин судрыг шатаах зөвшөөрөл өгөх юм бол хоёр улсын дипломат харилцаанд сэв сууна гэдгийг анхааруулж байсан. Гэсэн ч Момика дахин зөвшөөрөлтэйгөөр судрыг шатаахаар оролдсон тул Иракийн засгийн газраас Шведийн элчин сайдыг улсыг нь орхихыг албан ёсоор шаардсан мэдэгдэл гаргажээ.
Багдад хотод сууж буй Шведийн элчин сайдыг Иракаас гарахыг шаардав | ||
Үзсэн: 783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.