
АНУ-ын армийн алба хаагч Умард Солонгосын хилээр зөвшөөрөлгүй нэвтэрснээс хойш хоёр хоног өнгөрөөд байна. Одоогоор Умардын талаас түүнтэй холбоотой ямар нэг мэдээллийг өгөөгүй байна. Пентагоны мэдээлж байгаагаар түүнийг суллах эсэх, мөн ямархуу байдалтай байгаа нь одоо ч тодорхойгүй байна. Травис Кинг нь уг хэрэг гарахаас өмнө Өмнөд Солонгост танхайн хэргээр 48 хоног саатуулагдаж байгаад гарч ирсэн байсныг мөн мөрдлөгийн үеэр танилцуулсан байна.
Цагаан ордны зүгээс Пхъенянтай холбогдох гэж олон талаар үзэж байгааг дурдсан юм. Өмнөд Солонгосын армиас Умардынхтай шууд холбоо барьдаг сүлжээ байдаг ч Умардын талаас хариу өгөхгүй байх нь элбэг тохиолддог юм байна. АНУ болон Умард Солонгос улсууд албан ёсны дипломат харилцаагүй учраас Пхъенян дахь Шведийн элчин сайдын яамнаас тусламж хүсэн Умардтай хэлэлцээ хийхээр хичээж байгаа гэдгийг Вашингтоны зүгээс мэдээлсэн.
Зарим мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Травис Кинг шиг зэрэг дэв доогуур цэргийн ямар нэгэн улс төрийн сэдэлгүй үйлдсэн хэрэг дээр Умард Солонгосчууд түүнийг удаан саатуулахгүй гаргах байх гэж таамаглаж байгаа ч түүнд яг юу тохиолдох бол гэдэг тал дээр баттай мэдээлж чадахгүй гэж байгаа юм байна. Урьд нь Умард Солонгосын хилийг давсан АНУ-ын хэд хэдэн цэрэг, иргэн байдаг, тэдгээрийн олонх нь сайнаар төгсөөгүй учир АНУ-ын зүгээс ард иргэддээ Умард Солонгос руу аялахгүй байхыг сануулсаар иржээ.
Пентагон: БНАСАУ-д саатуулагдсан америк цэргийг хэрхэх нь тодорхойгүй байна | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.