
НАТО-Украины зөвлөлийн анхны хурал энэ сарын 26-нд болох тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Энэ удаагийн хурлаар Хар тэнгисийн аюулгүй байдлын асуудал, ялангуяа үр тарианы экспортын аюулгүй үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
НАТО-гийн Хэвлэлийн албанаас мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийгийн хүсэлтээр Элчин сайд нарын түвшинд анхны НАТО-Украины зөвлөлийг хуралдуулах юм байна.
Өнгөрсөн даваа гарагт, ОХУ Хар тэнгисийн үр тарианы санаачилгад нэгдэхээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн.
Москвагийн энэ шийдвэр нь дэлхийн зах зээлд үр тарианы үнэ өсөх, цаашлаад олон сая хүнийг өлсгөлөнд хүргэж болзошгүй байна гэж шинжээчид харж байна.
Иймд, өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мөн хуралдаж энэ асуудлыг авч хэлэлцсэн. Кремлийн хувьд үр тарианы гэрээнд эргэн нэгдэх боломжийг дахин авч үзэх боломжтой боловч өмнө нь урьдчилан тохиролцсон зарчмуудыг хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Орос улс Хар тэнгисийн санаачилгаас гарсны дараа Украины гол боомт хот Одесса болон түүний эргэн тойронд агаараас цохилт өгсөөр байна.
ЮНЕСКО-гийн мэдэгдэж байгаагаар тус халдлагын улмаас Одесса хотын түүхийн дурсгалт газрууд сүйдсэн байна.
Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд Литва улсын нийслэл Вильнюс хотноо болсон Умард Атлантын гэрээний байгууллагын дээд хэмжээний уулзалтын хүрээнд НАТО-Украины зөвлөлийг байгуулсан юм.
НАТО-Украины зөвлөл Хар тэнгисийн санаачилгатай холбоотой асуудлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.