Шууд Chart

Грек улсад ой хээрийн түймрийн улмаас 20 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ

2023-07-24 11:50:55

Грек улсад сүүлийн 50 жилийн түүхэнд анх удаа гадаа хэт халж цаг агаар хэт хуурайшсаны улмаас ой хээрийн түймэр дэгдэж байна.

Тус улсын Родос аралд сүүлийн тав хоногт асч буй түймэр хүрээгээ тэлж, иргэдийн суурьшлын бүсэд хүрсэн байна. Түймрийн бүсээс 20 мянга гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, хоргодох байранд оруулаад байна.

Грек улсын Родос арал нь аялал жуулчлалын төвлөрсөн бүсэд тооцогддог. Энэ бүсээс нийтдээ 10 гаруй мянган жуулчныг автобус болон далайгаар тээвэрлэж аюулгүй газарт хүргэсэн байна.

Одоогийн байдлаар Грек улсад нийтдээ 100 орчим ой хээрийн түймэр дэгдсэн байдалтай байна. Түймрийг унтраах ажиллагаанд тус улсын арми, эргийн хамгаалалт болон хөрш орнуудын гал унтраах аврах ангиуд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.

Мөн албаныхны мэдээлж байгаагаар Грекийн төв болон өмнөд хэсэг, Эвиа, Родос арал гал түймрийн аюулын хамгийн өндөр эрсдэлтэй бүсэд тооцогдож байна.

Энэ долоо хоногийн эцэс гэхэд Грек улсын өмнөд хэсэгт гадаа агаарын хэм 44-өөс давж халах төлөвтэй байна. Улмаар хагас сарын дараа Европын газар дундын тэнгисийн өмнөд хэсгээр халалтын хоёр дахь том давлагаа үргэлжлэх төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас анхааруулж, сэрэмжлүүлж байна.

Нийслэл Афин хотод нь л гэхэд, өнгөрсөн амралтын өдрүүдэд гадаа 43 хэм давж халсан байна. Иймд Акрополис зэрэг аялал жуулчлалын газруудыг түр хугацаанд хаасан байна.

Грек улсад 1987 онд цаг агаарын хэт халалтын улмаас олон зуун хүний амь нас эрсэдсэнээс хойших хамгийн хүчтэй халуун зун болж байгааг албаныхан хэлж байна.

Афины үндэсний ажиглалтын төвийн мэдээлснээр хамгийн сүүлд 2007 оны зургаадугаар сард 44.8 хэм хүртэл халж байжээ. Үүнээс өмнө буюу 1977 оны зун долоодугаар сард 48 хэм хүрч халсан нь Грекийн түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж бүртгэгджээ.

Грек улсаас гадна одоо Газар дундын тэнгисийн орнууд ялангуяа Испани, Итали улсад энэ долоо хоногт хамгийн халуун өдрүүдэд үргэлжилж байна.

Мөн АНУ-ын зарим хэсэг, ялангуяа баруун эрэг орчмын мужид гадаа агаарын хэм 40-өөс дээш давж халж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Грек улсад ой хээрийн түймрийн улмаас 20 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ   
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй