Шууд Chart

АНУ эрчим хүчийг хэмнэх зорилт тавьж байна

2023-07-24 12:02:38

АНУ-ын засаг захиргаа эрчим хүчийг хэмнэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн томоохон алхам хийхээр төлөвлөж байна.

Тус улсын эрчим хүчний яамнаас нэгдүгээрт технологио шинэчлэх, хоёрдугаарт сүүлийн 13 жилийн хугацаанд ямар ч өөрчлөлт оруулаагүй эрчим хүчний стандартыг шинэчлэх зорилт тавьжээ.

Энэ зорилго зорилт ажил хэрэг болбол хэрэглэгчид жил бүр эрчим хүч болон усны төлбөрөөс 11 тэрбум америк доллар хэмнэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.

АНУ-д одоо мөрдөгдөж байгаа эрчим хүчний хэрэглээний стандарт нь сүүлийн 10 гаруй жил шинэчлэгдээгүй байна. Ялангуяа иргэдийн орон сууцны халаалтын систем болон эрчим хүчний хэрэглээ нь үйлчилгээний зардлын 13 хувийг эзэлдэг гэсэн статистик мэдээллийг Америкийн Эрчим хүчний яамнаас мэдээлж байна.

Иймд Эрчим хүчний яамнаас хэрэглэгчдэд санал болгож буй технологи нь цахилгааныг хуримтлуулдаг ус халаагч дулааны насос юм байна. Харин зарим нь хийн түлшээр ажилладаг агшин зуурт халаах зориулалттай халаагуур аж. Энэ нь конденсацийн технологийг ашиглана гэсэн үг юм байна.

Вашингтоны төлөвлөж байгаагаар 2029 оноос хэрэгжиж эхлэх энэ төлөвлөгөө, шинэ стандарт нь 30 жилийн хугацаанд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг 500 сая тонноор бууруулах тооцоог хийжээ. 

Мөн энэ хугацаанд Америкийн айл өрхийн хувьд 198 тэрбум америк доллар хэмнэх боломж бүрдэх юм байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар шинэ стандартыг тогтоосноор нэгдүгээрт одоо байгаа халаагчийн системийг шинэчилж солих, хоёрдугаарт илүү их байгальд ээлтэй ногоон технологийг бүрдүүлнэ гэж үзэж буй юм байна.

Америкийн Байгаль орчны судалгааны газрын мэдээлж байгаагаар хэрэглэгчдэд эхэндээ шинэ төхөөрөмж худалдан авах, суурилуулах нь хэт өндөр өртөгтэй, ажиллагаа ихтэй мэт сэтгэгдэл төрүүлэх боловч дээд тал нь ашиглалтын 15 жил дотор бүх зардлыг төлсөн байхаар төсөөлж байгааг хэлж байна.

Мөн өрхүүд, цахилгаан халаагуурыг ашиглах хугацаандаа жилд дунджаар 1900 орчим америк доллар хэмнэх боломжтой, мөн инфляцийг бууруулах тухай хуулийн байгаль орчинд чиглэсэн татварын хөнгөлөлтийг эдлэх боломжтой гэж үзэж буй юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ эрчим хүчийг хэмнэх зорилт тавьж байна   
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй