Шууд Chart

НҮБ: ОХУ дэлхийн соёлын өв, хүнсний нөөц рүү дайрахаа зогсоох ёстой

2023-07-27 13:26:19

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн ээлжит хуралдаан лхагва гарагт боллоо.

Хуралдаанаар ОХУ-ын Хар тэнгисийн үр тарианы санаачилгаас нэрээ татсан талаар болон Украины Одесс хот дахь үр тарианы агуулах руу дайрсан талаар, мөн Украин улсад шашин, соёлын дурсгалууд дайны хөлд өртөж байгаа зэрэг асуудлуудыг авч хэлэлцжээ.

ОХУ-ын Украины үр тарианы боомт хотууд руу хийсэн дайралт дан ганц Украин биш, дэлхийн олон ард түмэнд аюул учруулж байна гэж хуралдаанаар тайлбарлажээ.

Украины Одесс, Рени, Измаил зэрэг хотууд нь олон сая хүний хүнсний эх үүсвэрийг бэлтгэдэг хотууд юм байна. Харамсалтай нь эдгээр хотууд дайны хөлд өртөн сүйдэж байна гэдгийг Аюулгүйн зөвлөлөөс тайлбарлалаа.

Хүнсний үйлдвэрлэл рүү дайрна гэдэг нь энгийн ард иргэд рүү дайрч байгаагаас ялгаагүй, ОХУ энэ үйлдлээ зогсоох ёстой гэсэн байр суурийг мөн илэрхийлж байна.

НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас Гринфилд Оросыг дэлхийн хүнсний аюулгүй байдалд халдахаа больж, Хар тэнгисийн үр тарианы санаачилгыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг хүсэж буйгаа илэрхийлсэн.

Үр тарианы асуудлаас гадна өнгөрсөн ням гарагт ОХУ-ын зүгээс Одесс хот руу хийсэн дайралтад ЮНЕСКО-гийн хамгаалалтад байдаг Ортодокс сүм болон өөр бусад түүхэн дурсгалт байгууламжууд өртсөн байна.

Энэхүү түүхэн дурсгалт байгууламж сүйдсэн нь анхны удаагийнх биш. 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд нийтдээ 274 соёлын байгууламж сүйдсэний 117 нь шашны байгууламж байсныг ЮНЕСКО бүртгэжээ.

НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны дарга ОХУ шашны төвүүд руу дайрч байгаа нь маш алсын хараагүй үйлдэл. Шашны байгууллага руу дайрна гэдэг бол хүмүүсийн итгэл үнэмшил рүү дайрч байгаагаас ялгаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

АНУ, ИБУИНХУ зэрэг орнуудын төлөөлөгчид мөн энэ асуудал дээр тус тусын байр суурийг товчхон илэрхийлжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн энэ удаагийн хуралдаанд ОХУ оролцоогүй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НҮБ: ОХУ дэлхийн соёлын өв, хүнсний нөөц рүү дайрахаа зогсоох ёстой  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй