
Хэт халуунаас үүдэлтэйгээр хуурайшилт ихтэй, салхины эрч хүчтэй байгаагаас ой хээрийн түймэр хурдацтай тархаж байна. Дэлхийн өнцөг булан бүрд гарч байгаа эдгээр түймрийн утаа алсдаа хүний эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэх эрсдэлтэй гэдгийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас анхааруулж байна.
Зөвхөн өнгөрсөн 7-р сард л гарсан түймрийн хамрах хүрээ 2003-2022 оны хооронд гарсан нийт түймрийн хэмжээнээс хоёр дахин их болсон гэсэн тооцооллыг Европын Ой хээрийн түймрийн хяналтын системээс гаргасан байна. Ой хээрийн түймрийн хор хөнөөл нь хамарсан газар нутгаар хязгаарлагдахгүй, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө асар их гэдгийг эрүүл мэндийн салбарынхан тайлбарлаж байна. Түймрийн утаанд нарийн ширхэгт тоосонцрууд, нүүрстөрөгч, озон, хүхэрт устөрөгч, хар тугалга зэрэг уушгинд орвол амьсгалын замын асуудал үүсгэдэг бодисууд агуулагддаг. Эдгээр элементүүд нь уушгинд орвол дан ганц уушгийг гэмтээгээд зогсохгүй биеийн бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг аюултай юм байна. Лондонгийн шинжлэх ухааны их сургуулийн профессор Фрэнк Келлигийн тайлбарласнаар түймрийн угаарт агуулагддаг нүүрстөрөгчийн дан исэл гэдэг бодис нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. Энэ бодист их хэмжээгээр хордвол сэтгэн бодох чадварт нөлөөлдөг болохыг ч мөн дурджээ. Дээр нь түймрийн утаа нэг газраа л уугих биш, салхины урсгалаар хэдэн зуун километр газар хүртэл тархах боломжтой тул дэлхийн өнцөг булан бүрд гарч байгаа ой хээрийн түймрийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө асар их гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм.
Иймд түймрийн голомтод ойрхон байгаа хүмүүс, эрсдэлтэй бүсийн иргэд КОВИД цар тахлын үед хэрэглэж байсан N95 маскийг зүүж, угаарын хордлогоос сэргийлэхийг Колорадогийн их сургуулийн профессор Коллин Рэйд зөвлөжээ. М
өн болж өгвөл агаарт утаа их үед гэрээс гарахгүй байх, хаалга, цонхоо чийгтэй даавуугаар сайтар битүүлэхийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
ДЭМБ: Ой хээрийн түймрийн утаа алсдаа эрүүл мэндэд маш хортой | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.