Шууд Chart

Исланд улс Москва дахь элчин сайдын яамаа хаажээ

2023-08-02 18:06:54

Исланд улс өнгөрсөн Мягмар гарагт Москва хотноо байрлах элчин сайдын яамныхаа үйл ажиллагааг зогсоожээ. Ингэснээр Исланд улс Москва дахь элчин сайдын яамаа хаасан Европ тивийн анхны улс, мөн НАТО-гийн гишүүн орон болж байгаа юм. Элчин сайдын яам байрлаж байсан барилгын хананаас Исландын далбаа болон улсын тэмдэгтүүдийг хуулан авчээ. Энэхүү шийдвэрийг Исланд улсын Гадаад харилцааны сайд Мягмар гарагт гаргасан байна.

Энэхүү үйлдлийн талаар Исландын талаас, ОХУ-тай дипломат харилцаагаа зогсоож байгаа хэрэг биш гэсэн тайлбарыг өгсөн. Исланд улсын Гадаад Харилцааны сайд Тордис Гильфадоттир хэлэхдээ, “Манайх шиг жижиг улс одоогийн олон улсын хурцадмал нөхцөл байдлын үед ОХУ-д дипломат төлөөлөгчийн газраа ажиллуулахад хүндрэлтэй болж байна.” гэж хэвлэлийн бага хурлын үеэр албан ёсны мэдэгдэл хийжээ. Хэрвээ олон улсын нөхцөл байдал нааштай болох юм бол ОХУ-тай хэвийн, найрсаг харилцаагаа хадгалсаар байна гэдэгт найдаж байна гэж давхар илэрхийлсэн байна. Харин ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас, Исланд улсын удирдагчдын энэхүү шийдвэр нь Орос-Исландын харилцааг үгүй хийж байгаа хэрэг хэмээн байр сууриа илэрхийлсэн байна. Энэхүү шийдвэр гарахаас өмнө хоёр улсын худалдаа, эдийн засаг, улс төр, соёлын харилцаа аль хэдийн байж болох хамгийн бага түвшинд хүрсэн байжээ.

Элчин сайдын яамаа хаах гэж байгаа талаараа Исланд улсын гадаад харилцааны яамны зүгээс өнгөрсөн 6-р сард анх танилцуулж байсан юм. Мөн түүнчлэн Исланд улсын Москвад суух элчин сайд Армени, Беларус, Казахстан, Кыргызстан, Молдав, Тажикистан, Туркменистан, Узбекистан улсуудыг хавсран суудаг байсан юм. Үүнээс хойш эдгээр улсуудыг хавсран суух эрхийг Исланд улсын нийслэл Рейкьявик хотноо орших Гадаад харилцааны яам хариуцах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Исланд улс Москва дахь элчин сайдын яамаа хаажээ  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй