
Ватиканы Католик сүмээс зохион байгуулдаг Дэлхийн Залуучуудын өдөрлөг энэ жил Португал улсын нийслэл Лиссабон хотноо зохион байгуулагдаж байна. Дэлхийн Залуучуудын өдөрлөг 2-3 жил тутамд нэг удаа болдог ч цар тахлаас үүдэн 4 жилийн дараа ийнхүү зохион байгуулагдаж байна. Энэ баярыг тохиолдуулан Ромын Пап лам Лхагва гарагт Лиссабонд хүрэлцэн иржээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хэдэн зуун мянган хүн Лиссабон хотноо цугларсан байна.
Сануулахад, Дэлхийн Залуучуудын өдөрлөг энэ жил наймдугаар сарын 1-ээс 6-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 400 мянга гаруй залуус энэхүү баярын жагсаалд оролцохоор бүртгүүлж, Лиссабон хотод цугларчээ. Мөн Дэлхийн залуучуудын өдөрлөг Португал улсад зохион байгуулагдаж байгаа нь анхны удаа юм.
Папын хувьд Португал улсад хоёр дахь удаагаа айлчилж байна. 10 сая хүн амтай Португал улс энэ удаагийн зохион байгуулагч орны хувиар дэлхийн бүх орноос ирсэн залуусыг угтан авч байна. Тухайлбал, Европын орнуудаас гадна АНУ-аас л гэхэд 27 мянган хүн баярт оролцохоор иржээ. Энэ оны зохион байгуулагчид тус өдөрлөгийг тогтвортой хөгжил, ногоон эрчим хүчний хэрэглээг дэмжсэн гэдэг утгаараа онцлог гэж тайлбарлаж байна. Энэ хүрээнд, тус баярт оролцохоор ирсэн хүн бүр гар утсандаа өдөрлөгийн аппликэйшныг суулгасан байх шаардлагыг тавьж байна. Уг аппликэйшнд нэг хүний өдөрт ялгаруулах хүлэмжийн хийг тооцоолж гаргадаг үйлдлийн систем байдаг аж.
Мөн урлаг, соёл, спортын олон арга хэмжээ энэ үеэр зохион байгуулагдах юм байна. Пап лам Францис энэ удаагийн айлчлалаараа Португалын далайчдын дэлхийг өөрчилсөн 15-аас 16-р зууны үеийн хөлөг онгоцны үзэсгэлэн дээр зочилж, мөн католик сүм хийдэд айлчилж, Фатимагийн дуганд зочилно гэсэн төлөвлөгөөтэй юм байна.
Ромын Пап Португал улсад айлчилж байна | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.