
Венесуэл улсад Пүрэв гарагт электрон тамхийг хориглох шийдвэр гарчээ. Электрон тамхийг хэрэглэх, үйлдвэрлэх, импортлохыг хориглосон байна. Уушгинд хор хөнөөлтэй хэрэгслүүдийг худалдаалахад үндэсний хэмжээнд хориг тавих боломжийн талаар Эрүүл мэндийн яамаар судалгаа хийлгэсний дараа 40 дэх хоног дээр ерөнхийлөгч Николас Мадуро ийм шийдвэр гаргажээ.
Тодруулбал, Венесуэлийн эрүүл мэндийн яамны албан ёсны мэдэгдлээс үзвэл, Электрон тамхийг үйлдвэрлэх, хадгалах, ханган нийлүүлэх, эргэлтэд оруулах, сурталчлах, импортлох, экспортлох, хэрэглэх, нийтэд танилцуулах, түгээн дэлгэрүүлэх, ивээн тэтгэхийг хориглохоор заажээ.
Уг шийдвэр нь электрон тамхины худалдаагаар дагнадаг дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудад хамгийн хүнд тусаж байна гэж иргэд байр сууриа илэрхийлж байна. Венесуэлд электрон тамхи болон түүний дагалдах хэрэгслийг худалдаалдаг дэлгүүрт л гэхэд таван мянга гаруй хүн ажилладаг.
Байгалийн нөөц баялаг, ажлын байр аль аль нь хомс манай улсад бүр ч олон хүн ажилгүй болж байна гэж тэд хэлж байгаа юм. Одоогоор энэ хориглосон шийдвэрийг эсэргүүцсэн хүмүүст хуулийн дагуу ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа ч эхний ээлжид торгох боломжтой юм байна. Одоогийн байдлаар дэлхий дахинд электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг 107 орон байна. Тэдгээрээс 47 нь электрон тамхины хэрэглээ, худалдааг бүрэн болон хагас хэлбэрээр хориглодог гэсэн судалгаа байдаг.
Камбож, Гамби, Энэтхэг, Умард Солонгос, Ливан, Никарагуа, Катар, Сингапур, Тайланд, Ватикан гэсэн орнуудад электрон тамхины хэрэглээг бүрэн хориглосон байдгаас Тайланд улсад хууль зөрчсөн шийтгэл нь хамгийн чангад тооцогддог байна. Сингапур улсад гэхэд электрон тамхины хуулийг зөрчвөл хувь хүнд 1500 долларын торгуул ноогдуулах заалт байдаг. Харин Япон гэх мэт зарим оронд электрон тамхийг хагас хориглосон байдаг байна. Эдгээр хагас хориглосон орнуудад никотин агуулаагүй шингэн тамхийг хуулиар зөвшөөрдөг.
Венесуэл улсад электрон тамхийг хоригложээ | ||
Үзсэн: 1700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.