
Хүүхэд тээж төрүүлсэн долоон эхийн нэг нь төрсний дараах сэтгэл гутралд өртдөг гэсэн судалгаа байдаг. АНУ-д л гэхэд жилд 400 мянга орчим эмэгтэй ийм сэтгэл гутралд өртдөг байна. Төрсний дараах сэтгэл гутрал нь хэдэн сараас хэдэн жил ч үргэлжлэх эрсдэлтэй байдаг. Тэгвэл энэ үед хэрэглэх сэтгэл гутралын эсрэг эмийг АНУ-д гарган авсныг эрүүл мэндийн яам нь хэрэглээнд нэвтрүүлэхийг зөвшөөрчээ.
Төрсний дараах сэтгэл гутрал бол амьдралын чанар, эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг эмгэг юм. Эмэгтэй хүн энэ үед ихээр гуниглах, гэмших, үнэ цэнгүй мэдрэмж авах гэх мэтээр сэтгэл санааны тогтворгүй байдалд ордгоос гадна зарим үед өөрийгөө болон хүүхдээ гэмтээх сэдэл төрөх зэргээр ноцтой хүндрэх нь байдаг.
Уг эмгэг нь эх үрийн холбоонд нөлөөлдөг, түүнчлэн нялх хүүхдийн биеийн болон сэтгэл санааны өсөлт бойжилтод сөргөөр нөлөөлдөг гэдгийг АНУ-ын Хүнс, эм эмийн бүтээгдэхүүний зохицуулах байгууллагын судлаачид тайлбарлаж байна. Энэхүү эмийг гарч ирэхээс өмнө сэтгэл гутралд өртсөн ээжүүд сэтгэл засалд явах, удаан хугацаанд эмчилгээнд явах зэргээр тэмцдэг байсан. Энэ эм гарч ирснээр хэдэн сар, жилээр үргэлжилдэг байсан эмгэгийг хэдэн өдрийн дотор шийдэх боломжтой боллоо гэж АНУ-ын Фэйнштэйн Эрүүл мэндийн судалгааны байгууллагын эмч нар хэлж байгаа юм.
Тус эмийг 14 хоногт нэг удаа хэрэглэнэ гэсэн заалттай байна. Үүнээс өмнө 2019 онд мөн төстэй эмийг гарган авч, АНУ-ын эрүүл мэндийн яамнаас баталгаажуулж байсан ч 34 мянган ам доллар бүхий харьцангуй өндөр үнэтэй, хүргэлт, үйлчилгээ нь сайтар тархаагүй байснаас олон нийтийн хэрэглээнд нэвтэрч чадаагүй байна. АНУ-ын эрүүл мэндийн яамнаас энэ удаагийн эмийг баталгаажуулахдаа савлагаа дээр нь эмээс үүдэж гарч болзошгүй гаж нөлөөнүүдийг тусгаж өгчээ. Үүнд тэнцвэрийн эрхтэн тогтолцоо саатах, хяналтгүй үйлдэл хийх гэх мэт орно.
Эдгээр гаж нөлөө илэрч, аюултай нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, эмийг хэрэглэснээс 12 цагийн дотор машин барихгүй байхыг сануулж байгаа аж.
АНУ: Төрсний дараах сэтгэл гутралын үед уух эмийг хэрэглээнд нэвтрүүлэв | ||
Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.