
Япон улсад шатахууны жижиглэнгийн үнэ сүүлийн 15 жилийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрч өссөн тухай ЭН Эйч Кэй агентлаг мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар тус улсад 1 литр шатахууны үнэ 180 иен буюу 1,3 америк доллартой тэнцэж байна.
Энэ үзүүлэлтийг өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад, 4 орчим иен нэмэгдсэн гэсэн үг юм. Үндсэндээ Япон улсад бензин шатахууны үнэ сүүлийн 12 долоо хоног дараалан өссөн үзүүлэлттэй гарч байна. Токиогийн эрх баригчид өнгөрсөн 2022 оноос үнийн өсөлт инфляцтай тэмцэхийн тулд зарим салбарт татаас олгож эхэлсэн. Тухайлбал, шатахууны үнийг тогтоон барихын тулд импортлогч борлуулагч компаниудад төрөөс татаас олгож эхэлсэн. Гэвч, Япон улс төрөөс олгох татаасын хувь хэмжээг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн бууруулж байгаатай холбоотойгоор тус улсын зах зээлд эргээд шатахууны үнэ хөөрөгдөж эхэллээ гэж шинжээчид харж байна.
Том зургаар нь харвал газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлэгч Саудын Араб улс сайн дураараа олборлолтын хэмжээг өдөрт 1 сая баррелиар бууруулж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь дэлхийн зах зээл дээрх түүхий газрын тосны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор Япон улсад жижиглэнгийн шатахууны үнэ өсөж байна гэсэн үг юм.
Иймд, Япон улсын засгийн газар өнөөдрөөс эхлэн шатахуун борлуулагч компаниудад олгох татаасын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар шатахууны татаасыг литр тутамд 9-12 иен болгож нэмэхээр төлөвлөж байгаа юм байна. Японы газрын тосны тухай мэдээллийн төвөөс цаашид ч дотоод төдийгүй дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш өсөх төлөвтэй байгааг анхааруулж байна.
Япон улсад шатахууны үнэ сүүлийн 15 жилийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрч өсөв | ||
Үзсэн: 642 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.