
Япон улсын засгийн газар Фүкүшима Даийчи атомын цахилгаан станцаас цэвэршүүлсэн усыг далайд цутгах төлөвлөгөөг энэ сарын сүүлч гэхэд хэрэгжүүлж эхлэх тухай зарим эх сурвалжууд мэдээлсэн. Токиогийн энэ төлөвлөгөөг Өмнөд Солонгосын иргэд эсэргүүцэж өнгөрсөн Бямба гарагт нийслэл Сөүл хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ.
Өмнөд Солонгос улсад, хүчтэй хар салхины дараа ч бороо үргэлжлэн орсоор байна. Гэвч жагсагчид гадаах байдлыг үл ажран, борооны цув шүхэр барьж, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байна. Зарим жагсагчид далайн усыг бохирдуулахыг эсэргүүцсэн уриа лоозон барьж нийслэл Сөүл хотын төв гудамжаар тайван жагсжээ. Өнгөрсөн 7-р сард олон улсын атомын энергийн агентлаг сүүлийн 2 жилийн туршид Фүкүшима Дайчи атомын цахилгаан станцаас цэвэршүүлсэн усыг далайд цутгах тухай Япон улсын төлөвлөгөөнд шалгалт явуулж дүгнэлтээ танилцуулсан.НҮБ-ын цөмийн байгууллагаас гаргасан тайланд уг станцаас шингэн боловсруулах дэвшилтэт систем ашиглаж шүүсэн 1,3 сая тонн цэвэршүүлсэн усыг номхон далайд цутгах нь олон улсын аюулгүй байдлын стандартад нийцэж байгаа тул аюулгүй гэж дүгнэсэн байна.
Мөн цэвэршүүлсэн усыг далайд цутгах нь хүмүүс болон хүрээлэн буй орчинд цацрагийн нөлөөлөл багатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм. Уг дүгнэлтийг Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёлын засгийн газар мөн дэмжиж байгаагаа илэрхийлсэн хэдий ч, ард түмний эсэргүүцэлтэй тулгарч байна гэж дотоодын хэвлэлд нь мэдээлжээ. НҮБ-ын далайн хуулийн конвенцод заасны дагуу бүх улс орнууд далайн орчныг хамгаалах үүрэг хүлээсэн байдаг. Үндсэндээ, атомын энергийн агентлаг, Япон улсыг энэ үүргийг зөрчөөгүй гэж үзэж байна.
2011 онд Япон улсад болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас, Фүкүшимагийн цахилгаан станцад томоохон осол гарч, үүний улмаас эвдэрсэн реакторуудыг хөргөхөд их хэмжээний ус шаардлагатай болсон юм. Цацраг идэвхт бодисонд хордсон усны хэмжээ өдөрт 100 гаруй тонноор нэмэгдсээр, одоо нөөцийн багтаамж дүүрч, цаашид бохирдсон усыг хадгалах боломжгүй болсон юм. Энэ их эрсдэлээс үүдэж, бохирдсон усыг цэвэршүүлж далайд цутгаж, нөөцийн савыг дундлах зайлшгүй шаардлага Япон улсад тулгараад байгаа юм.
Фүкүшима АЦС-аас цэвэршүүлсэн усыг далайд цутгах Японы төлөвлөгөөг БНСУ-ын иргэд эсэргүүцэв | ||
Үзсэн: 1079 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.