Шууд Chart

Польш улс дайсагнах бус зөвхөн хилээ хамгаалах зорилгоор цэргийн тоог нэмсэн гэж мэдэгдэв

2023-08-15 11:13:16

Бүгд найрамдах Польш улс хөрш Беларусийн үйл ажиллагаа улс орны нь аюулгүй, тогтвортой байдлыг алдагдуулж байна гэсэн үндэслэлээр хил хамгаалах цэргийнхээ тоог нэмэгдүүлсэн байна. Польшийн батлан хамгаалахын сайд Беларусьтай залгаа хилд 10 мянган цэрэг нэмж байрлуулсан нь цэвэр урьдчилан сэргийлэх, тогтоон барих зорилготой алхам гэж мэдэгдлээ. Харин Минск, Москвагийн зүгээс Польшийн энэ алхмыг дайсагнасан үйл ажиллагаа гэж зэмлэн буруутгаж байна.

Польшийн батлан хамгаалахын сайд Беларусьтай залгаа хилийн Яриловка хотод саяхан байрласан хил хамгааллын цэргүүдтэй уулзахдаа Беларусийн эрх баригчид Кремльтэй хамтран ажиллаж байна, Польшийн хилийн орчимд болж байгаа үйл явдал манай улсыг тогтворгүй болгох зорилготой гэдэгт эргэлзэхгүй байна гэж мэдэгджээ. Өнгөрсөн 7 хоногт Беларусийн армийн хоёр нисдэг тэрэг Польшийн агаарын хилийг зөрчин орж ирсэн. Үүнийг Варшав өдөөн хатгасан үйлдэл гэж үзэж байна. Польш улс зүүн хилдээ цэргийн хүчээ нэмэгдүүлсэн бодит шалтгаан бол энэ мэт өдөөн хатгасан үйлдлийг тогтоон барихад чиглэсэн гэж батлан хамгаалахын сайд нь онцолсон байна. Польшийн зэвсэгт хүчний 10 мянган цэргийн тодорхой тооны цэрэг бэлэн байдалд байх бол зарим нь Беларусьтай залгаа хилийн бүс нутагт дадлага сургуулилалтаа идэвхжүүлж, эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм байна.

Польшийн засгийн газар Украинд дайн эхэлснээс хойш аюулгүй байдалдаа ихээхэн анхаарч, олон тэрбум америк доллароор АНУ болон Өмнөд Солонгосоос цэргийн техник, зэр зэвсэг худалдан авч байгаа юм. Харин Москва Польш улсыг Украины баруун мужууд руу өнгөлзөх санаа агуулж байна гэж буруутгаж байгаа. Польш улс Украиныг НАТО, Европын холбоонд орохыг нь тууштай дэмжиж, газар нутгаараа Украин руу чиглэсэн барууны цэргийн тусламжийг оруулж байгаа нь Оросын дургүйг хүргэж байна гэж шинжээчид үздэг.

Одоогоор Польш улс Беларусьт байрлаж байгаа Оросын вагнер хувийн цэргийн бүлгийн үйл ажиллагаа болоод Ойрх Дорнод, Африкийн дүрвэгсэд Беларусь улсаар дамжиж хил зөрчиж орж ирэхээс ихээхэн болгоомжилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Польш улс дайсагнах бус зөвхөн хилээ хамгаалах зорилгоор цэргийн тоог нэмсэн гэж мэдэгдэв  
Үзсэн: 458 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй