
Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун пуужин үйлдвэрлэх хүчин чадлаа огцом өсгөх үүрэг даалгаврыг холбогдох байгууллагууддаа өгчээ. Энэ нь ирэх 7 хоногт эхлэх Умардын цөмийн заналхийллийн эсрэг Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилалтыг угтсан улс төрийн алхам гэж шинжээчид үзэж байна.
Умардын удирдагч өнгөрсөн 7 хоногийн сүүлээр тактикийн пуужин, хөдөлгөөнт харвагч, хуягт техник, их бууны сумны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах үедээ ийм даалгавар өгсөн гэж тус улсын төв хэвлэлд өнөөдөр /2023.08.14/ мэдээлсэн байна. Тэрбээр улс орныхоо аюулгүй байдлыг хангаж байгаа армийн алба хаагчдын эрэлт хэрэгцээг хангахын тулд пуужингийн үйлдвэрлэлийг бололцоотой бүх хүчин чадлаа дайчлан, олон тоогоор үйлдвэрлэх зорилт тавьж байгаагаа үйлдвэрийн удирдлагуудад илэрхийлжээ. Умардын эрх баригчийн зэвсгийн үйлдвэрлэлийг огцом өсгөх энэ шийдвэр АНУ Оросын батлан хамгаалахын сайд саяхан Пёньянд айлчлахдаа Украинд хийж байгаа дайнд ашиглах зэр зэвсэг худалдаж авах талаар Умард Солонгостой хэлэлцсэн байж магадгүй гэж болгоомжилж байгаа цаг үетэй давхцаж байна. Умард Солонгос Орос руу их бууны болон бусад төрлийн сум ачуулсан гэх Америкийн мэдээллийг няцааж байгаа. Гэхдээ Умард Солонгос Украины дайнд Оросыг ил тод дэмжиж, Украин дахь Оросын өөртөө нэгтгэсэн газар нутгуудыг сэргээн босгоход ажиллах хүч илгээнэ гэж мэдэгдсэн. Пёньян цөмийн хөтөлбөрийг нь зогсоох зорилготой АНУ-ын манлайлан хэрэгжүүлж байгаа шахалт үзүүлэх бодлого болоод цар тахалтай холбоотой эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Орос, Хятад хоёртой харилцаагаа өргөжүүлэх бодлого барьж байна гэж шинжээчид дүгнэж байна.
Ким Жон Ун 2019 онд АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн дипломат яриа хэлэлцээ нь амжилтгүй болсноос хойш цөмийн зэвсэг болон пуужингийн нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байна. 2022 оны эхний байдлаар Умард Солонгосын зэвсэгт хүчин 100 гаруй удаа пуужин туршсан, тэдгээрийн дийлэнх нь Америк, Өмнөд Солонгосын цэргийн хамтарсан сургуулилалтаа өргөжүүлж байгааг эсэргүүцсэн, анхааруулга өгөх зорилготой гэж мэдээлж ирсэн. Олон арван шинжээч Ким Жон Ун Вашингтонтой дипломат яриа хэлэлцээг сэргээх бүртээ Америкийн хориг арга хэмжээг сулруулах зэргээр буулт хийлгүүлэхийн тулд орчин үеийн зэвсгийн нөөцөө ашиглахыг зорьж байдаг гэж үздэг юм.
БНАСАУ-ын удирдагч пуужин үйлдвэрлэх хүчин чадлаа огцом өсгөх үүрэг өгчээ | ||
Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.