Шууд Chart

БНХАУ Камбожийн хаант улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ

2023-08-15 12:33:55

БНХАУ-ын гадаад харилцааны сайд Ван И Камбожийн хаант улстай хоёр талын харилцааг бэхжүүлэх зорилгоор албан ёсны айлчлал хийж, тус улсын удахгүй тангаргаа өргөх шинэ засгийн газрын тэргүүнтэй уулзлаа. Энэ нь Зүүн Өмнөд Азийн нөлөө бүхий орнуудын нэг Камбожийн төрийн эрх барих дээд удирдлагын түүхэн шилжилтийг дэмжиж, харилцаа нь ойр нягт байгааг илэрхийлэх зорилготой улс төрийн алхам гэж шинжээчид үзэж байна. Ван И-гийн айлчлал Камбожийн хувьд хамгийн цаг үеэ олсон, хүчирхэг дэмжлэг гэж эрх баригчид нь дүгнэж байна.

Хятадын гадаад харилцааны сайд Ван И Камбожийн хаант улсын эрх баригч нам өнгөрсөн сарын бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж, хамгийн урт хугацаанд буюу 38 жил төр барьсан ерөнхий сайд эрх мэдлээ хүүдээ шилжүүлж өгснөөс хойш ПномПеньд айлчилж байгаа анхны гадаад улсын өндөр албан тушаалтан болж байна. Хятад улс хүнд цаг үед Камбожийг дэмжиж, энх тайван тогтвортой байдал, хөгжил дэвшилд хүрэхэд нь туслалцаа үзүүлж ирсэн нь тусгаар тогтнолоо хамгаалах итгэл найдвар, хүч чадавхыг бэхжүүлж байна гэж Камбожийн засаг захиргаа харилцааны үр өгөөжийг тодорхойлж байна. Ван И ч мөн Камбожтой харилцааны үндэс сууриа улам бэхжүүлж, шинэ засаг захиргаатай нь улс төр, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, аюулгүй байдал, иргэд хоорондын харилцааг хамарсан өргөн далайцтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэлээ.

Хятад, Камбож улсууд Чөлөөт худалдааны гэрээтэй. Өнгөрсөн онд 14,5 тэрбум ам долларын худалдаа хийсэн нь өмнөх оныхоос 19 хувиар өссөн үзүүлэлт болсон.  Камбож нь Зүүн Өмнөд Азийн бүс нутаг дахь Хятадын гол холбоотны хувиар Зүүн Өмнөд Азийн орнуудын байгууллага АСЕАН-ы 10 гишүүн орны дотор Бээжинг шүүмжлэх хандлагыг саармагжуулахад хувь нэмрээ оруулж байдаг. АСЕАН-ы хэд хэдэн гишүүн улс Өмнөд Хятадын тэнгист Хятадтай газар нутгийн маргаантай. Харин хариуд нь Хятад улс Камбожийн эдийн засагт их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, нисэх онгоцны буудал, зам гүүр болон бусад дэд бүтэц байгуулахад нь хөнгөлөлттэй зээл зэргээр санхүүжүүлдэг юм. Тухайлбал өнгөрсөн оны 6-р сард Хятад Камбож улсууд тэнгисийн боомт өргөтгөх төсөл эхлүүлсэн нь Америк болон бусад орнуудад Бээжинд Тайландын буланд стратегийн ач холбогдолтой цэргийн дэд бүтэцтэй болох боломж олгож болзошгүй гэсэн болгоомжлол төрүүлсэн. Харин Камбожийн ерөнхий сайд Хун Сень энэхүү болгоомжлолыг няцааж, үндсэн хуулинд нь гадны цэргийн байгууламжийг газар нутагтаа байрлуулахыг хориглодог гэж мэдэгдсэн юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Камбожийн хаант улстай харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ   
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй