
ОХУ-ын рублийн ханш 2022 оны 2-р сараас хойших хамгийн бага түвшинд очиж суларчээ. Экспортын хэмжээнээс хэд дахин нэмэгдсэн импортын хэмжээ, дайнд зориулж байгаа улсын төсөв, барууны орнуудын ОХУ-д тавьсан эрчим хүчний экспортын хориг зэрэг нь рублийн ханш сулрахад хүргэсэн байж болзошгүй гэж эдийн засгийн шинжээчид дүгнэж байна. Орос-Украины дайн анх эхлэхэд рублийн ханш огцом унаж байсан ч төв банкнаас арга хэмжээ авсны үндсэн дээр, мөн газрын тос, байгалийн хийн экспорт тухайн үед хэвийн байсан учраас рублийн ханшийг барьж чадсан. Гэвч энэ удаа рублийн ханш дахин суларч, доллартой харьцах ханш нь 100 рубль давсныг мэдээлж байна.
Даваа гарагийн ханшийн мэдээллээр 101,04 рубль нэг ам доллартой тэнцэж байна. Оросын төв банкнаас рублийн ханш суларснаар бодлогын хүүгийн хэмжээ нэмэгдэх магадлалтай гэдгийг анхааруулж байна. Гэхдээ энэ нь улс орны санхүүгийн тогтвортой байдалд нөлөөлөхгүй гэсэн байр суурийг мөн илэрхийлж байгаа юм. Орос улс Украин руу анх довтлоход төв банкны бодлогын хүү 9,5-аас 20 хувь болтлоо өссөн. Гэхдээ энэ өсөлтийг удалгүй барьж чадсан юм. Одоогоор бодлогын хүү 8,5 хувь байна. Мягмар гарагт ОХУ-ын төв банк хуралдаж цаашид бодлогын хүүг өсгөх эсэх талаар хэлэлцэнэ гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө.
Өнгөрсөн сард төв банкнаас бодлогын хүүгээ 1 хувиар өсгөж байсан. Сарын өмнөөс бодлогын хүү өсөж, рублийн ханш сулрахыг тэд таамаглаж байсан юм. Мөн рублийн ханш унахаас хэдэн өдрийн өмнө төв банкнаас гадаад валютыг худалдаж авахаа зогсооно гэж мэдэгдэж байсан. Зорилго нь оны эцэс гэхэд рублийн ханшийг өсгөж, тогтворжуулах юм байна. Оны эхэнтэй харьцуулахад рублийн ханш дөрөв дахин суларсан байна. Карнеги Евразийн төвийн судлаач Александра Прокопенкогийн үзэж байгаагаар Орос улс дайныг зогсоож, барууны орнуудтай газрын тос, байгалийн хийн экспортын асуудал дээр ойлголцож чадах юм бол худалдааны тэнцэл сайжирч, эдийн засаг сууриараа сайжирна гэж үзэж байгаа юм байна.
Рублийн ханш сүүлийн 17 сарын хугацаан дахь хамгийн бага хэмжээнд очлоо | ||
Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.