Шууд Chart

БНХАУ-ын батлан хамгаалахын сайд ОХУ болон Беларус улсад айлчилна

2023-08-15 15:19:02

БНХАУ-ын батлан хамгаалахын сайд Ли Шанфу энэ долоо хоногт ОХУ болон Беларусь улсад айлчлах гэж байна. Ли Шанфу Даваа гарагт Бээжингээс хөдөлсөн. Нийт зургаан хоногийн хугацаатайгаар хоёр улсыг зорьж байгаа юм. Түүний айлчлалын зорилго нь ОХУ-д болох Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн бага хуралд оролцох юм байна. Тус бага хурал өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. БНХАУ-ын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж байгаагаар Ли Шанфу бага хурал дээр аюулгүй байдлын асуудлаар улсынхаа албан ёсны байр суурийг илэрхийлэхээс гадна бусад орны батлан хамгаалахын сайд нартай уулзах юм байна.

БНХАУ-ын өндөр дээд албан тушаалтны оролцож байгаа Москвагийн бага хуралд дэлхийн 100 орчим орны төлөөлөгч, мөн олон улсын найман байгууллагын төлөөлөл оролцоно гэж мэдээлсэн. Тус бага хурал нь 2012 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа. Энэ жилийнх 11 дэх удаагийн хурал болж байна. Ли Шанфугийн хувьд өнгөрөгч 7-р сард ОХУ-д айлчилж, хөрш орнуудын хувьд цэрэг, батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагаагаа дахин баталгаажуулах албан ёсны хэлэлцээ өрнүүлсэн. Мөн өнгөрсөн сард хоёр улс тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилалт хийсэн. БНХАУ-ын хувьд одоо болж байгаа олон улсын хурцадмал нөхцөл байдлын үед ОХУ-тай батлан хамгаалах салбарт нааштай харилцааг баримталдаг. Гэхдээ Орос-Украины дайны тухайд аль ч талд нь цэрэг зэвсгийн тусламж үзүүлэхгүй гэдгээ өмнө нь илэрхийлж байсан.

Энэ удаагийн Москвагийн бага хуралд оролцсоныхоо дараагаар тэрбээр Беларусь улсад айлчилж, тус улсын цэргийн удирдагчидтай уулзан, яриа хэлэлцээ өрнүүлж, батлан хамгаалах салбарын барилга байгууламжуудаар зочилно гэж мэдэгдсэн байна. Лигийн хувьд Беларусь улсад тав дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын батлан хамгаалахын сайд ОХУ болон Беларус улсад айлчилна  
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй