
БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллагаас 8-р сарын 15-ны өдрийг Үндэсний Экологийн Өдөр болгон зарласан. Энэ жил анх удаа Үндэсний Экологийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн байна. “Цэнгэг ус, цэцэгт нуга бол үнэлж баршгүй өв хөрөнгө юм” гэсэн уриан дор энэхүү өдрийг тэмдэглэхээр санаачилж байсан байна. Үндэсний Экологийн өдрийн хүрээнд ногоон хөгжил, нүүрсхүчлийн хийгүй сэргээгдэх эрчим хүчний хөгжлийг улс орон даяараа онцлон тэмдэглэж байна гэдгийг Синьхуа агентлаг мэдээлсэн байна.
Үндэсний экологийн өдөртэй болох санаа 2005 оноос эхтэй гэдгийг БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дурдаж байна. Тухайн үед одоогийн БНХАУ-ын дарга Ши Жиньпин Жөжян мужийн Хужоу хотод айлчлах үеэрээ үзэсгэлэнт Анжи аймгаар дайран өнгөрч, “Цэнгэг ус, цэцэгт нуга бол үнэлж баршгүй өв хөрөнгө” гэдэг санаачилгыг гаргаж байсан байна. Тэр цаг үеэс хойш Экологийн үндэстэн болох сонирхол өргөжин тэлж эхэлжээ. БНХАУ нь дэлхий дээрх нүүрсхүчлийн хийн ялгарлаараа тэргүүлэгч орнуудын тоонд ордог. Мөн эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог улс юм. Энэ хэмжээний нөлөө бүхий том эдийн засагтай улсын хувьд ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээрээ олон улсын тавцанд үлгэрлэх, манлайлах сонирхолтой байдаг. Тиймээс жил бүрийн 8-р сарын 15-ыг Үндэсний Экологийн өдөр болгох шийдвэрийг Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооноос өнгөрсөн 6-р сарын 28-ны өдөр гаргасан байна. Байгаль орчныг хадгалан хамгаалах нь Хятадын тогтвортой хөгжлийн чухал хэсэг төдийгүй улс төрийн авч хэлэлцэх томоохон асуудал, нийгмийн сайн сайхны салшгүй нэг хэсэг гэдгийг Ши Жиньпин илэрхийлсэн. Түүнчлэн байгаль орчныг хамгаалахын тулд ногоон эрчим хүч дээр тулгуурласан амьдралын хэв маяг руу шилжих, хүн ба байгалийн уялдаа холбоог орчин үеийн техник, технологийн хөгжилд тусгаж өгөх ёстой гэдгийг хэлж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний үгийг Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны гишүүн Дин Шүэшян баярын хурал дээр дамжуулан илэрхийлсэн юм. Үндэсний Экологийн өдрийн баярын хурал Жөжян мужийн Хужоу хотод Мягмар гарагт болсон.
БНХАУ-д үндэсний экологийн өдрийг тэмдэглэлээ | ||
Үзсэн: 478 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.