Шууд Chart

БНАСАУ оргож очсон АНУ-ын цэргийн талаар анх удаа мэдээлэв

2023-08-17 17:26:05

Өнгөрсөн 7-р сарын 18-ны өдөр Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн баазад алба хааж байсан нэг цэрэг хоёр Солонгосыг тусгаарладаг Хамтын аюулгүйн бүсэд зорчих үедээ хил давж, Умард Солонгосоос орогнол ирж очсон юм. Умард Солонгос хил давж оргож очсон Америк цэргийн талаар удтал дуугүй байсны эцэст өнөөдөр анх удаа мэдээлэл өгчээ. Умардын төв хэвлэл 23 настай, Травис Кинг гэгч цэрэг Америкийн армид хүнлэг бус харилцаа, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалд өртсөн учраас Умард Солонгост эсвэл гуравдагч орон руу дүрвэх хүсэлтээ илэрхийлсэн гэж мэдээлсэн байна.

Мөн Травис Кинг Америкийн тэгш бус нийгэмд сэтгэл дундуур байгаагаа мөрдөн байцаалтын үеэр хүлээн зөвшөөрсөн, түүнийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа гэж Умардын төв хэвлэлд мэдээлжээ. АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр тэрхүү цэрэг цэргийн баазад танхайрч сахилгын шийтгэлээр хоригдож байгаад суллагдсан, тухайн үед түүнийг нутаг буцаахаар төлөвлөж байжээ. Мөн Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн командлал уг цэргийн талаар Умард Солонгостой холбоо харилцаатай байгаа, түүнийг буцааж авахаар ажиллаж байгаа тухайгаа өмнө нь мэдэгдсэн. АНУ-ын батлан хамгаалах яам нэн тэргүүнд цэргээ эх орондоо авч ирэхийг зорьж байгаа, одоо дипломат болон бусад шугамыг ашиглан цэргээ эргүүлж авч ирэхээр боломжит бүх хувилбарыг судалж байгаа юм байна. 1953 онд дууссан Солонгосын дайнаас хойш Америк, Умард Солонгос улсууд бие биенээ хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоогоогүй, техникийн хувьд дайны байдалтай байгаа. Иймээс армид алба хааж байгаа цэргийн хувьд Умардад олзны цэргийн ангилалд орж болзошгүй юм байна. Гэхдээ Америкийн батлан хамгаалахын зарим мэргэжилтэн Травис Кинг өөрийн хүслээр энгийн иргэний хувцастай Умард солонгос руу нэвтэрсэн учир түүнийг олзны цэрэг гэж үзэхгүй гэж үзжээ. Энэ мэт хоёр орны хооронд гарсан ярвигтай асуудлуудыг шийдвэрлэхэд гуравдагч орны зуучлалаар дамждаг. Өмнө нь Пёньян дахь Шведийн ЭСЯ Америк, Умардын харилцааны асуудалд зуучлах үүрэг гүйцэтгэж ирсэн ч цар тахлын улмаас Шведийн дипломатууд Пёньянд эргэж очоогүй байгаа юм байна.

Дашрамд дурдахад хоёр Солонгосын хилийн бүс ихээхэн харуул хамгаалалтай, маш сайн бэхлэгдсэн боловч хамтын аюулгүйн бүс нь зөвхөн намхан бетоноор тусгаарлагдсан байдаг, хоёр талдаа хилийн цэрэг хамгаалж байгаа хэдий ч нэвтрэхэд харьцангуй хялбар байдаг юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНАСАУ оргож очсон АНУ-ын цэргийн талаар анх удаа мэдээлэв  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй