
БНХАУ-ын баруун хойд хэсэгт байх Цинхай мужид нарны эрчим хүчийг хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байна. Нарны зайн хавтангууд нь эрчим хүчний гол эх үүсвэр болж, өвс ургамал ургах таатай орчин бүрдүүлэхэд тусалж байна гэдгийг хэлж байна.
Түүнчлэн нарны зайн хавтангийн ачаар нутгийн иргэдийн аж амьдрал дээшилснийг онцолсон юм. Цинхай мужийн Гунхө аймгийн Талатан хэмээх газарт 600 километр квадрат газарт нарны зайн хавтан байрлуулсныг Хятадын CGTN агентлаг сурвалжилжээ.
Гунхө аймгийн Талатан нутаг нь далайн түвшнээс дээш 2920 метр өндөрт оршдог, ерөнхийдөө тариалан эрхлэхэд тохиромжгүй газар юм. Гэхдээ өдрийн 8 цагийн турш нар тусдаг нь давуу тал болдог учраас нарны зайн хавтан байрлуулахад тохиромжтой байршлын нэг юм байна. Уулархаг бүсийн цөлжилт ихтэй энэ газрыг нарны зайн хавтангаар бүрхэж, нарны эрчим хүчийг ашиглаж эхэлсэн нь Хятадын тогтвортой хөгжлийн зорилтын нэг биелэл боллоо гэдгийг орон нутгийн удирдлагууд хэлж байна.
Нарны зайн хавтан байрлуулснаас хойш цөлжилт багасаж, зүлэг ногоо ургаж эхэлсэн гэдгийг онцолсон юм. Хавтангууд нарны эрчим хүчийг хураахаас гадна хөрсний ус чийг ууршихаас сэргийлдэг нэмэлт давуу талтай юм байна. Түүнээс гадна хавтангуудыг усаар шүршиж цэвэрлэдэг учир хөрсний усан хангамж сайжирч, зүлэг ногоо ургахад тус болдог юм. Мөн салхины эрч ихтэй уулархаг энэ нутагт нарны зайн хавтан тавьснаас хойш салхинаас нөмөр болсныг мөн дурдсан юм. Салхи багассанаар элсний нүүдэл ч дагаад багасжээ. Нарны зайн хавтан нэг биш, олон асуудлын гарц шийдэл болж байна гэдгийг хөдөө аж ахуйн инженерүүд хэлж байна. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, хүрээлэн буй орчны хамгаалагч, экологийн гарц шийдлийг нэг доороос олж болж байна гэдгийг онцоллоо.
Сонирхолтой нь өвс ургамал өндөр ургах тусам нарны зайн хавтангуудыг халхлах эрсдэл үүсээд байсан юм. Тэгвэл үүний шийдлийг хөдөө аж ахуйн инженерүүд ухаалгаар шийдэж чаджээ. Нутгийн малчин айлуудыг хавтангийн талбай руу үнэ төлбөргүй нэвтэрч, хонио бэлчээж болно гэж тохиролцсон байна. Нарны зайн хавтангуудын тусламжтай байгаль орчны асуудлуудыг шийдсэнээс гадна мал аж ахуйн салбарт ч үр өгөөжөө өгсөн үйлдвэрлэл болж чадсаныг хэвлэлийнхэн онцолж байна. БНХАУ-д жилд нэг мянган хонийг өвс тэжээлээр хангахад 400 мянган юань буюу 55 мянган ам доллар зарцуулагддаг байна.
БНХАУ: Нарны зайн хавтан байгаль орчинд ээлтэй төдийгүй мал аж ахуйн салбарт үр өгөөжтэй байна | ||
Үзсэн: 1536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.