Шууд Chart

БНЭУ сарны өмнөд туйлд судалгааны станц буулгасан анхны улс боллоо

2023-08-24 14:03:27

Энэтхэгийн “Чандраян-3” сансрын судалгааны станц саран дээр амжилттай газарджээ. Улмаар Энэтхэг улс сарны хамгийн бага судлагдсан өмнөд туйлд хөлгөө буулгаж чадсан дэлхийн анхны улс болж байна. Үүнээс гадна саран дээр буулт хийж чадсан дөрөв дэх орон болж байгаа юм.

Үүнээс өмнө АНУ, хуучнаар ЗХУ, мөн Хятад улс Сарны экватор орчимд хөлөг буулгасан түүхтэй. Энэ сарын 11-нд ОХУ-ын хөөргөсөн гараг хоорондын автомат станц “Луна-25” Сарны мөн л өмнөд туйлын бүсэд буулт хийхийг зорьж байсан ч хэд хоногийн өмнө сарыг мөргөж сүйрсэн. Харин 6-р сарын 14-нд өмнөд Энэтхэгийн сансрын төвөөс хөөргөсөн “Чандраян-3” Энэтхэгийн цагаар лхагва гарагийн 18 цагт Сарны хөрсөн дээр зөөлөн газарджээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди “Энэ бол нийт хүн төрөлхтний амжилт. Дэлхийн бүх улс, түүний дотор хөгжиж байгаа орнууд ийм амжилт байгуулах чадалтай” гэж мэдэгдсэн байна. Үүнээс өмнө 2019 онд Энэтхэгийн станцыг сарны гадаргууд зөөлөн буулгах оролдлого бүтэлгүйтэж байжээ. Сая газардсан “Чандраян-3” төхөөрөмжийн буугч аппаратын зай хураагуур нарны гэрлээр цэнэгээ нөөцөлж ажилладаг тул станцыг саран дээр өдөр эхлэх цагт буухаар тааруулсан байна.

Сарны нэг хоног, манай Дэлхийн 14 хоногтой тэнцдэг. Сарны шөнө тохиоход батарейнууд цэнэг нь дуусаж, ажиллахаа больж болзошгүй. Харин дараагийн өдөр болоход батарей эргэж цэнэглэгдэн, ажиллах үгүйг одоогоор хэлэх аргагүй байгаа юм байна. “Чандраян-3”-ын нэг гол зорилго бол Саран дээрх мөстлөг ирээдүйд хүн амьдрах нөхцөлийг бүрдүүлж мэдэх усны гаралтай мөс мөн эсэхийг тогтоох юм. Сарны өмнөд туйлд асар өргөн талбай байнгын сүүдэрт байдгаас тэнд ус байх магадлалтай гэж эрдэмтэд үздэг. Эрдэмтэд ч мөн “Огторгуйн үүд” гэгддэг Сарны талаар ойлгож мэдэх шаардлагатай зүйл маш их  бий гэлцдэг. “Чандраян-3” төсөл амжилттай хэрэгжсэнээр энэ чиглэлд хүн төрөлхтөн ахин нэг алхам урагшилна гэж найдлага тавьж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ сарны өмнөд туйлд судалгааны станц буулгасан анхны улс боллоо  
Үзсэн: 947 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй