
Бразил, Орос, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн 5 улсын нэгдэл буюу БРИКС бүлэг 15 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтаа хийж байна. Өмнөд Африкийн нийслэл Йоханнесбургт чуулж байгаа энэ уулзалтад оролцогч удирдагчид дэлхийн дэг журмыг илүү тэнцвэртэй болгохын төлөө зорьж байгаагаа мэдэгдэж байна.
БРИКС-ийн гишүүн 5 орон хамтдаа дэлхийн эдийн засгийн 4/1-ийг бүрдүүлж, дэлхийн бүх хүн амын 40 хувь нь мөн эдгээр улсад амьдардаг. Улмаар БРИКС-ийг “Долоогийн бүлэг” зэрэг Өрнөдийн томоохон гүрнүүдийн тэргүүлдэг бүлгүүдтэй дүйцэх хэмжээнд ажиллаж чадна гэж үзэж байна. Энэ ч үүднээсээ тэд бүлгийнхээ хамрах хүрээг улам тэлж өргөжүүлэхийн төлөө байр суурь илэрхийлдэг. Хэдийгээр 20 гаруй улс нэгдэх хүсэлт илэрхийлсэн гэж байгаа ч, БРИКС-ийн удирдагчид шинээр гишүүнчлэгчдэд тавих шалгуур дээр нэгдмэл зөвшилцөлгүй. Дээрээс нь Энэтхэг улс тэлэлтийн тал дээр тогтсон байр суурьгүй байгаа нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнд тийм ч сайн нөлөө авчрахгүй болов уу гэж ажиглагчид үзэж байна. Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва БРИКС-ийг чинээлэг эдийн засгуудтай өрсөлдөх зорилгогүй гэдгийг онцолсон байна. Өчигдөр болсон бизнесийн удирдагчдын форумд Хятадын дарга Ши Жиньпиний үгийг Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао уншиж сонордуулсан байна. Энэ үгэнд, “БРИКС-ийн орнууд Өмнөд Африкт өнөөдөр дэлхийн 50 гаруй улстай хамт чуулж байгаа нь хэн нэгнийг өөртөө татах эсвэл хэн нэгнийг сугалж сонгох гэсэн хэрэг биш, бас аль нэг талд нь орох юм уу эсвэл хуваагдал дундах зөрчилдөөнд татан оруулах гээд байгаа юм биш. Харин энх тайван хөгжлийн тод томруун жишээг бүтээхийг зорьж байгаа юм” гэжээ. Хятадын даргын хувьд БРИКС-ийн дээд уулзалтад оролцохоос гадна ӨАБНУ-д төрийн айлчлал хийх давхар зорилготой Даваа гарагт Йоханнесбургт хүрэлцэн очсон. Харин өчигдөр болсон БРИКС-ийн эдийн засгийн бүлгийн гол чухал арга хэмжээг урьдчилж мэдэгдэлгүй алгассаныг нь хэвлэлүүд мэдээлж байна. Бээжин энэ тал дээр ямарваа албан мэдэгдэл тайлбар хийгээгүй байна. БРИКС Пүрэв гарагийг хүртэл үргэлжлэх дээд уулзалтаараа гишүүдийнхээ тоог өргөжүүлж, дэлхийн түвшинд илүү дорвитой үүрэг гүйцэтгэдэг болоход чиглэсэн бодлогоо голлон хэлэлцэх товтой. Мөн соёл иргэншлийн тал дээр харилцан адилгүй гишүүн орнууд хоорондын зохицол харилцан уялдааг хангах нь бас нэг том зорилт болж байна. Гуравдагч нэг том сэдэв нь, америк доллароос хараат байдлыг цэглэх үүднээс хоорондын гүйлгээндээ нэгдсэн мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх арга замыг эрэлхийлэх тухайд байна. Оросын Ерөнхийлөгч Путины тухайд энэ уулзалтад очоогүй. Түүнийг очих нөхцөлд дайны гэмт хэрэгт буруутгагдаж байгаа асуудлаар нь ОУЭШ-ээс баривчилж болзошгүй нөхцөл байдал үүсэж болзошгүй байснаас тэр цахимаар оролцох шийдэлд хүрчээ.
БРИКС-ийн орнуудын удирдагчид Йоханнесбургт чуулж байна | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.