Шууд Chart

БНХАУ Даян дэлхийн хөгжлийн санаачилгад нэмэлтээр арван тэрбум ам.долларын санг байгуулна

2023-08-25 13:50:41

БРИКС-ын орнуудын 15 удаагийн дээд хэмжээний уулзалт Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханессбург хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ дээд уулзалтад БРИКС-ын гишүүн таван орон болон Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын удирдагчид оролцсоноос гадна дэлхийн 67 орны удирдагч урилгаар хүрэлцэн очиж, оролцсон байна. Энэ удаагийн хурлын зорилт нь шинээр гишүүн орон элсүүлэхээс гадна хөгжиж буй орнуудын оролцоог нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн салбарт хэрхэн хөгжих боломж бололцоог эрэлхийлэн хэлэлцэх байсан юм.

БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин Даваа гарагт Йоханессбург хотноо айлчилж, БРИКС-ийн бүлгийн хуралд оролцсон байна. Тэрээр БРИКС-ын бүлгийн үндсэн зорилго бол дэлхийн улс орнуудын оролцоог нэмэгдүүлж, олон улсын асуудалд бүх орны дуу хоолойг сонсох юм гэдгийг онцоллоо. Олон улсын асуудалд дан ганц хөгжингүй орнуудын дуу хоолой давамгайлах биш, хөгжиж буй орнуудын оролцоо нэмэгдсэнээр олон туйлт системийн мөн чанар гарч ирнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн сүүлийн жилүүдэд олон улсад нөлөө бүхий том гүрэн болсон хэдий ч Хятад улс одоо ч хөгжиж буй орнуудын эгнээнд бат зогссон хэвээрээ гэдгийг хэлж, цаашид ч хөгжиж буй орнуудыг дэмжиж ажиллана гэж мэдэгдлээ. Түүнчлэн Даян дэлхийн хөгжлийн санаачилгад 10 тэрбум ам долларын нэмэлт санг байгуулна гэдгээ хурлын үеэр мэдэгдсэн байна. Тэгвэл БРИКС-ын бас нэгэн гишүүн орон болох Бразил улсын төрийн тэргүүн Луи Инасио Лула Дэ Силва хурлын үеэр мөн санал санаачилгаа дэвшүүллээ. Хөгжиж буй орнуудын төсвийн хөрөнгө, гадаадын шууд хөрөнгө оруулалтын дийлэнх нь гадаад өрөө төлөхөд зарцуулагддаг гэдгийг тэрээр дурдсан юм. Энэ нийтлэг асуудлыг шийдэж, ногоон эрчим хүч, дэд бүтцийн салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд Африкийн орнуудын олон улсын байгууллагууд дахь оролцоо одоогийнхоос илүү байх ёстой гэдгийг Бразил улсын ерөнхийлөгч санууллаа. Хорийн бүлгийн энэ оны даргалагч орны хувьд Бразил улс 9-р сард болох уулзалтаар Африкийн холбоог Хорийн бүлэгт элсэх асуудлыг авч хэлэлцэнэ, Бразил улсын зүгээс дэмжинэ гэсэн байр суурьтай байгаагаа хурлын үеэр мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Даян дэлхийн хөгжлийн санаачилгад нэмэлтээр арван тэрбум ам.долларын санг байгуулна  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-08-27 17:04
Сайн хятад хүн байдаг байх нь

Бидэнтэй нэгдээрэй