
Украин дахь Оросын цэрэг дайны ажиллагаа эхэлсээр 18 дахь сардаа орж байгааг тохиолдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины асуудлаар хуралдсан байна. Украин ЗХУ-аас тусгаар тогтносны 32 жилийн ойтой бас давхацсан энэ хуралдааны үеэр Аюулгүйн зөвлөлийн гишүүд ОХУ-ыг Украинаас нэн даруй цэргээ гаргахыг уриалжээ.
Тодруулбал, НҮБ-ын мэдээлж байгаагаар Украинд сүүлийн бүтэн хагас жилийн турш дайн үргэлжлэх хугацаанд 9444 энгийн иргэн, түүний дотор 545 хүүхэд амь үрэгджээ.
Мөн 17 мянга шахам хүн шархдаж, гэмтэж бэртсэний 1156 нь хүүхдүүд байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улстөрийн асуудал эрхэлсэн орлогч Розмари Дикарло энэ хуралдааны үеэр мэдээлсэн байна.
Энэ бүх тоо зөвхөн баттай болсон нь гэдгийг тэрбээр дурдаж, бодит байдал дээр хавьгүй өндөр байх магадлалтайг цохжээ. НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйг зөрчин өдүүлсэн энэ дайн дуусах төлөв хараахан харагдахгүй байна гэдгийг НҮБ-ын тэргүүний орлогч энэ үеэр мөн тэмдэглэсэн байна. Япон улсын байнгын төлөөлөгч Кимихиро Ишикане Япон улс Украинд дэмжлэгээ үргэлжлүүлэх болно гэдгийг илэрхийлж, Орос улс цэрэг зэвсгээ нэн даруй гаргах ёстой гэдэг байр суурийг илэрхийлж байжээ.
АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Линда Томас Гринфильд энэ үеэр, украин хүүхдүүдийг албадан нүүлгэн шилжүүлсэн хэрэгт холбоотой гэдэг үндэслэлээр Оросын хоёр аж ахуйн нэгж, 11 хувь хүнийг хориг арга хэмжээнд нэмж хамруулахаар болсныг зарласан байна. ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя энэ тухайд, украин хүүхдүүдийг Орос руу албадан гаргасан гэдэг зэм үндэслэлгүй, харин ч тэднийг Орос улс авран хамгаалсан гэдэг байр суурийг илэрхийлжээ.
НҮБ-д суугаа Хятадын байнгын төлөөлөгч Аюулгүйн зөвлөлийн энэ хуралдаан дээр хэлсэн үгэндээ, Орос, Украины хоорондох хямралаас үүдэлтэй сөрөг үр дагаврууд учрахаас сэрэмжлүүлж, нэн даруй гал зогсоож, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, цөмийн эрсдэлийг арилгах чиглэлд анхаарал хандуулахыг уриалжээ.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд ОХУ-ыг Украинаас нэн даруй цэргээ гаргахыг уриалжээ | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.