
АНУ-ын БХЯ ирэх сараас украины цэргийн албан хаагчдыг F-16 байлдааны нисэх онгоцны жолоодлого, арчлалт хамгаалалтын сургалтад хамруулахаар болсноо зарласан байна. Украин дахь цэрэг дайны ажиллагаа эхэлснээс хойш 18 сар дахь сарын ойн дээр АНУ ийнхүү, украины агаарын хүчнийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд нэгдэж байгааг хэвлэлүүд онцолж байна.
Тодруулбал, Пентагоны албан ёсны төлөөлөгч Пэт Райдерын Вашингтонд мэдээлснээр бол, сургалт 9 сараас жолоодлогын тусгай англи хэлний сургалтаар эхэлж, 10 сараас нислэгийн дадлага сургуулилалтад орох юм байна. Энэ хүрээнд Техас болон Аризона дахь сургалтын баазуудад цөөн тооны нисгэгч, харин туслах албаны хэдэн арваар тоологдох мэргэжилтэн бэлтгэхээр төлөвлөжээ. Анхлан суралцагчдад 8 сар үргэлжилдэг ийм сургалтыг харьцангуй туршлагатай нисгэгчдэд 5 сар явуулж болохыг Пентагоны төлөөлөгч ярьсан байна.
Цагаан ордны мэдээгээр, өчигдөр Ерөнхийлөгч Байден Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьж, Украины нисгэгчдийг сургаж эхлэх асуудал, мөн өөр бусад улсыг өөрийн нөөц дэх сөнөөгч онгоцнуудаа Украин руу дамжуулахад нь зөвшөөрөл өгөхөө шуурхайлах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Дани, Нидерланд зэрэг европ холбоотнууд нь Украинд F-16 онгоцнууд нийлүүлэхээ мэдэгдэж, бас нисгэгчдийг нь бэлтгэнэ гэдэг амлалт өгөөд байгаа үед АНУ энэ үйл ажиллагаанд нэгдэж байгааг Аль-Жазира дурджээ.
Норвеги мөн Украинд энэ төрлийн байлдааны онгоцнууд нийлүүлэхээ мэдэгдсэн, Грек улс сургалт бэлтгэлийн тал дээр хүчин туслах улсуудын нэг болохоо илэрхийлсэн байна. Украины эрх баригчид агаарын орон зайн хамгаалалтаа бэхжүүлэх үүднээс өрнөдийн байлдааны нисэх онгоцнуудыг ашиглах хүсэлтийг холбоотнууддаа шахалт үзүүлж ирсэн. Харин Байдений засаг захиргаа Украинд нэн тэргүүнд шаардлагатай зэвсэглэл нь сүүлийн үеийн сөнөөгч нисэх онгоцнууд биш, харин агаарын довтолгооноос хамгаалах систем илүү чухал гэдэг Пентагоны дүгнэлтийг үндэслэж сөнөөгч онгоцнууд нийлүүлэх Украины уриалгад татгалзаж байсныг ажиглагчид сануулж байна.
Харин энэ тал дээр нэлээд эрс байр суурь баримталдаг Европын холбоотнуудынхаа нөлөөгөөр Пентагоны байр суурьт сүүлийн үед эрс өөрчлөлт гарч байгааг мөн тэмдэглэж байна. Гэхдээ F-16 сөнөөгчид Украин дахь тулааны талбарт эргэлт гаргах хэмжээний өөрчлөлт авчрахгүй гэдэг байр суурийг америкийн өндөр тушаалын цэргийнхний зүгээс илэрхийлж байгаа юм байна.
ПЕНТАГОН: Украины нисгэгчдийг ирэх сараас АНУ-д F-16 сөнөөгч онгоцны сургалтад хамруулна | ||
Үзсэн: 613 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.